| | USD/MNT 0₮

Өнгөрсөн 26 жил загас мэт дуугүй байсан Б.Булган хэлд орж, юу ярив?

УИХ-ын сонгууль дөхөхөөр л бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригоор "оролдож" шоу хийдэг муухай жишиг тогтжээ. Өнөө жил яг адилхан. Долоо дахь сонгуулийг угтсан шоу аль хэдийнээ эхэлчихсэн байна. 

1998 онд Ардчиллын хайртай хүү С.Зориг гэртээ 18 удаа хутгалуулж амиа алдав. Халуун амиа алдах үед хажууд нь хайртай хань Б.Булган байв. Түүнийг олон жил олон янзаар ярьж, гэрч, хамжигч, оролцогч, хохирогч гэж үзэж ярив. Гэхдээ тэр хэн байсан бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээрээ байв. 26 жил хууль шүүхийн байгууллагад нухлуулж, нуруугаа авахуулсан, 26 жил нууцын гэрээнд гарын үсэг зурж, загас мэт хэлгүй дүлий байсан Б.Булган хэлд орж, өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгчээ. 26 жил түүнийг ийнхүү дэлгэрэнгүй ярилцлага өгч, ам нээгээгүй гэх. Гэвч энэхүү ярилцлагыг үзсэн хүн бүр өөр өөрийн өнцгөөр харж дүгнэж байна. Иргэд харах, хардах эрхээ эдэлж байх шигээ. Тэгвэл 26 жил дуугүй байсан Б.Булган юу ярив гэдэг нь их анхаарал татлаа.

Тэрбээр одоо дуугарах цаг болсон гэж өөрийгөө тодотгов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагыг үзсэн. Дараа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Оюун-Эрдэнээ чи С.Зоригийг алсан алуурчдыг суллалаа шүү" гэсэн ярилцлагыг үзээд сэтгэл нь сэрдхийсэн. Мөн ард түмний мөнгөөр босгосон С.Зоригийн хөшөөг газартай нь хамт зарж, нүүлгэх гэж байгаа гэсэн мэдээллийг хараад энэ хоёр асуудалд тайлбар ярилцлага өгөхөөр гарч ирлээ гэдгээ Б.Булган хэллээ. Улстөрийн аллага хэмээн үздэг энэхүү хэрэг аль хэдийнээ шийдэгдсэн байхад гэм зэмтэй гэх хүмүүс нь ялаа эдлээд улмаар хилс хэрэгт гүтгэгдсэн байсныг тогтоож, сулласан. Нийгэм, нийт бол энэ хэргийг шийдэгдсэн хэрэг гэж үзэж байгаа. Тэгвэл Б.Булган ярилцагчтайгаа анх тохироод "Хэргийн тухайд юу ч ярихгүй" гэсэн ам өчиг өгөв. Энэ нь анхаарал татав. Бас нэг зүйл нь юу бэ гэвэл, ярилцлага бүртээ Зориг гишүүн гэж ярив. Ханилсан ханиа яагаад ийм хүйтэн хөндий байдлаар ярих болов. Ёс төртэйгээр ханилаагүй, зүгээр хамтран амьдрагч байсан болохоор ингэж хэлээд байна уу даа гэх. Миний амьдрал дардан байсан. Зориг гишүүн эх оронч хүн байсан. 1998 оноос хойш Зоригийн, аав Банзрагчийнхаа нэр төрийг сэвтээхгүй хамгаалж авч явахын төлөө би зовлон дундаас өндийж босож, хатуужсан гэлээ. 

Өөрийгөө 26 жил амьд хүүр болсон. Зовлон их үзэхээр шашны шашны ном үзсэн. Олон жил нойрны болон тайвшруулах эм уусан болохоор жижиг сажиг зүйлийг мартсан байна. 

Хоёр шалтгаанаа тодотгож хэлэхдээ нэр бүхий хүмүүсийг новшоор нь дуудаж үзэн ядаж буйгаа илэрхийлэв. Тодруулбал, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Ёстой таалагддаггүй, худалч хулгайч гэдгийг нь мэднэ. Элбэгдорж бол Монголын эмгэнэл шүү. 30 жил Монголыг самарч гай болсон". С.Зориг гишүүний хөшөөг зайлуулж 53 давхар барилга барих гэж байгаа гэнэ. Юу яриад байгаа юм бэ. Түүхийг өөрчилж байна. Зориг гэж нэрээр улсуудыг хэлмэгдүүлж, хэргийг нь хаагаад хөшөөг нь зөөгөөд алга болох гэж байна. Би энэний эсрэг явж байгаа. Би өөрийнхөө төлөө 26 жил дуугараагүй. Зоригийн төлөө арслан барс шиг явна за юу. Ийм л хоёр шалтгаантай гарч ирлээ. Амьд үлдсэний гол зорилго Зоригийн нэр хүндийг хамгаалах" гэв. 

Бас Ардын баатар Э.Бат-Үүлийг ярьж, Монголын хулгай бүрт Да.Ганболд байдаг. Новш хулгайч гэж хэллээ. Эд нараас айхгүй, одоо үнэнийг хэлнэ. 26 жилд хоёр удаа шоронд орлоо. Ц.Элбэгдорж төрийн өндөрлөгт хүрэх болгонд би шоронд ордог гэв. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг би анхнаас нь л "Биш" гэж хэлсэн. Эрэгтэй нь өндөр, эмэгтэй нь намхан байсан юм чинь. Энэ хэргийг хэнд ч хамаагүй тохох сонирхол байна. Иймээс намайг шүүх хуралд оруулаагүй. Надаас болон миний хүүхдээс нэг ширхэг үс унавал захиалагч нь Ц.Элбэгдорж, Б.Хурц нар шүү". Хууль зөрчсөн Б.Хурц УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэж улайрч байна. Б.Хурцын дор ямар хүмүүс байдгийг би мэднэ. Үүргийг нь биелүүлдэг арми байгаа. Хэрэв Б.Хурц гарвал парламентыг харцаараа хөдөлгөнө" гэв. Иймэрхүү л зүйл ярьсан ярилцлага болсон. Мэдээж зочин хөтлөгч нь мэргэжлийн сэтгүүлч биш байсан. Б.Булган ч өөрөө мэргэжлийн сэтгүүлч найз нартай. Гэхдээ тэдэнд ярилцлага өгөхийг хүсээгүй, сэтгүүлчид хүнийг хөтлөөд явчих гээд байдаг талтай. Тиймээс сэтгүүлч биш хүнтэй ярилцлахад таатай байлаа гэх. Энэ бүхнийг харахад, магадгүй МАН-ынхан Б.Булганыг улстөрийн зорилгоор ашиглачихав уу даа гэсэн хардлага харагдав. Ашиглуулаад ч болов үнэнээ ярьсан байгаасай гэж найдъя. 

Олон нийт юу гэж дүгнэв? 

Нэг хэсэг нь эвийлж хайрлаж уянгалж, нөгөө хэсэг нь жигшиж зэвүүцсэн мэссэжүүд олон харагдав. Олонх нь Б.Булганыг энэ хэргийн оролцогч төдийгүй хамжигч. Ганц гэрч бол Б.Булган. Энэ олон жил дуугарахгүй, бүлх залгисан мэт байна гэдэг цаанаа учир ихтэй, нууцтай гэх. Үл мэдэгч юм. Ярилцлагын хандлага харилцаа, биеийн хэлэмж нь нэг л биш. Энэ ярилцлагаараа Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёр алуулсан гэдгийг битүүгээр хэлж байна, зоригтой хэлчих хэрэгтэй шдээ. Энэ хэргийг сонгуулийн шоу болгож байна. Сонгууль дуусаад дахиад 3,5 жил мартагдаад, дахиад л гаргаж ирнэ дээ. Ийм л хүмүүс гэж олон нийт дүгнэжээ. Гэхдээ хүн үнэнийг мэдэх бас хардах эрхтэй. Тэр эрхээ олон нийт эдэлж байх шигээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.