| | USD/MNT 0₮
Улаанбаатар хотын улайсан их түгжрэлийн асуудлыг бага ч болов шийдэхээр аж ахуйн нэгж болон залуус түрээсийн дугуй, скүүтэр түрээсийн үйлчилгээг бий болгоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд “Жет Скүүтэр Монголиа” компанийн 3000 скүүтэр эвдэрсэн байна. Үүнээс Улаанбаатарын иргэдийн ухамсар, сэтгэлгээний хэмжээг тольдож болно.
Тодруулбал, “Жет Скүүтэр Монголиа” компани 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр цэнхэр өнгийн 3000 скүүтэр иргэдийн хэрэглээнд гаргасан. Ингэхдээ яарсан сандарсан, түгжирсэн ер нь энгийн үед jet аппликэйшний тусламжтайгаар скүүтэрийг унаж хэрэглээд очсон газрынхаа ойролцоо үлдээх паркт байршуулаад явах юм. Гэвч өнөөдрийн байдлаар тухайн компанийн скүүтэр санаатай болон санаандгүй байдлаар эвдэрч, хугарах, таван бүтээгдэхүүн алга болсон байна. Тус скүүтэрийн нэг бүрийн үнэ 2.350.000-3.050.000 төгрөгийн ханштай. Мөн скүүтрийн хамгийн их эвдрэл авдаг механик гэмтэл нь дугуйн шаврын хаалт болон жолооны төмөр хугарах тохиолдлууд аж. Иймд энэ тухай сурвалжлахаар тус байгууллагыг зорилоо.
Биднийг очиход эвдрэл гэмтэл засдаг 10 гаруй ажилтан байсан юм. Эвдэрсэн скүүтэр засдаг тусгай хоёр өрөөтэй юм байна. Мөн нийт 15 скүүтэр хугарсан, дугуй нь салсан байдалтай харагдав.
Энэ тухай “Жет Скүүтэр Монголиа” компанийн Аюулгүй албаны ажилтан П.Лхагвасүрэн “Би скүүтэрийг цуглуулах, олж илрүүлэх үүрэгтэй ажил хийдэг. Анх бид 3000 скүүтэртэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Харин энэ жил дахин 3000 скүүтэр үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
Өмнө жилийн скүүтэрүүд бүгд засвар үйлчилгээ авсан
Өмнө жилийн скүүтэрүүд бүгд засвар үйлчилгээ авсан. Тухайлбал, голоороо хугарах, торомз эвдрэх, дугуй салсан гэх мэт. Хүмүүс скүүтэрээ хугалчхаад нуух зорилгоор траншейний нүх, амбаарт хийн түгжих, төмрийн сэг дээр үлдээсэн тохиолдол гарсан. Зарим хүмүүс байршил тогтоогчтой гэдгийг мэдэхгүй хөдөө орон нутаг руу хүртэл авч явсан тохиолдол байгаа.
Скүүтэр дугуй нь салаад эсвэл хугарчихвал бүтнээр нь бүх юмыг сольдог учир засварын ажил зардал өндөр гардаг
Энэ скүүтэр дугуй нь салаад эсвэл хугарчихвал бүтнээр нь бүх юмыг сольдог учир засварын ажил зардал өндөр гардаг. Иргэдийн ухамсар мөн Улаанбаатарын зам нүх ихтэй учраас эвдрэл их гардаг байх. Манай компанийн зорилго бол иргэдийг стрессгүй зорьсон газраа түгжрэлгүй, хурдан, аюулгүй шуурхай зорчиход туслах зорилготой. Иргэдэд анхааруулж хэлэхэд замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, түрээсийн бүх бүтээгдэхүүнийг ариг гамтай хэрэглэж заншаарай” гэв. Түүнчлэн тус компани ОХУ, Украйн, Бразил зэрэг дэлхийн 12 улсад үйлчилгээ явуулдаг аж. Гэтэл манай улс бусад орнуудтай харьцуулбал гурав дахин их скүүтэр эвдэрдэг гэсэн тооцоолол гарсан тухай мэдээлэв.
Сэтгүүлч: А.Булганчимэг