| | USD/MNT 0₮
Нийслэл хот ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн.Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид ерөнхий боловсролын найман сургуулийн бага, дунд ангийн 19,300 сурагчийг хамруулна. Ингэхдээ долоо хоногийн гурван өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөсөн юм. Хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх н.Баярчимэг “Дэлхийн олон оронд “сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн сайн туршлага бий. Жишээ нь БНХАУ 2000 оноос эхлээд энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн Солонгос улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн наснаас эхэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эерэг үр дүн гарсан судалгаа ч бий.
Уг хөтөлбөрт 1 тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулсан. Түүнчлэн хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даахаар төлөвлөж байна. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө” гэлээ.
“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн өдөрт авах кальцын хэмжээ нь 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарсан байна. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.