| | USD/MNT 0₮

н.Дүүрэнхундага: Сонгуультай холбоотой ЭЕШ хойшилсон нь БАГШ СУРАГЧДЫН БҮТЭН ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙГ НУРААЖ БАЙНА

2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сарын 28-нд болохоор тов нь тодорхой болсон билээ. Тэгвэл сонгуультай холбогдуулж 6 сард болох байсан ЭЕШ хойшилж 7 дугаар сар хүртэл хойшлуулсан шийдвэр гарсан. Тодруулбал 7 дугаар сарын 4-нөөс 7-ны хооронд болох шийдвэрийг гаргаж, хуваарьт өөрчлөлт орсон байна. 

ЭЕШ хойшилсон нь сурагчдын шалгалтад сөрөг үр дагавартай гэж багш нар үзэж байна. Тэгвэл бид багш нарын төлөөлөл н.Дүүрэнхундага багштай хэсэг хором ярилцлаа.

-Сонгуультай холбоотойгоор ЭЕШ хойшиллоо. Энэ шалгалт хойшилсноор сурагчдын шалгалтын бэлтгэлд ямар үр дагавартай вэ?

-ЭЕШ жил бүр зургаадугаар сард тогтмол явагддаг. Харин энэ жил 7 сараас эхээр эхлэхээр боллоо. Энэ нь сурагчдын бэлтгэл, болон багш нарын бэлтгэлд их сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Учир нь зургаадугаар сарын 15-нд хичээл амраад 7 сарын 5 хүртэл бараг 20 гаруй хоногийн хугацааны дараа элсэлтийн шалгалт болно. Үүнээс болоод хүүхдүүдийн бэлтгэл суларч авч чадах оноогоо бүрэн авч чадахгүй байх нөхцөл байдал үүсэх магадлалтай. Ер нь ЭЕШ гэдэг бол багш сурагчдын бүтэн жилийн хөдөлмөр байдаг.

-Өмнө нь манай улсад ЭЕШ хойшилж байсан удаа байгаа юу?

- Өмнө нь ковидын үед наймдугаар сар хүртэл хойшилж байсан. Түүнээс өөр бол огт хойшилж байгаагүй. Хүүхдүүдийн хичээл амраад л тогтсон хувиарын дагуу ЭЕШ эхэлдэг.

-Сонгуультай холбоотойгоор ЭЕШ хойшилж байгааг та юу гэж харж байна вэ?

-Хүүхдүүдийн эрх ашгийг зөрчиж байна гэж бодож байна. Багш нарын хүртэл ажлын үр дүн буурч гарна. Хүүхдүүд долоо хоног амраад ирэхэд л хичээлээ мартсан ирдэг гэтэл сарын дараа шахуу шалгалт өгөхөд давтсан зүйлүүдээ мартсан байх магадлал маш өндөр.

-Багш нарыг сонгуульд дайчилна гэсэн мэдээлэл бий. Багш нарт энэ талаар мэдээлэл байгаа юу?

-Сонгуульд багш нар ажилладаг. Гэхдээ энэ жил дайчилж ажиллах зэрэг мэдээлэл одоогоор ирээгүй байна.

 

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.