| | USD/MNT 0₮
Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсанаас болж, 60 гаруй хүүхэд хордоод байна. Тодруулбал, насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэн, түргэн тусламжийн 7 баг ажиллаж байгаа юм.
Хүүхдүүдийн ар гэртэй холбогдоход "хүүхдүүдийн биеийн байдал тогтворжоогүй. Хордлогын шинж тэмдэгтэй яг одоо яаралтай тусламж авч байна. Биеийн ерөнхий үзлэг хийж дууссаны дараа мэдээлэл өгнө" гэлээ. Хордсон хүүхдүүд нь есдүгээр анги бөгөөд нэг ангийн сурагчид байсан байна. Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар хүүхдүүд нь хийд хордсон байж болзошгүй байна. Учир нь хордсон гэх хүү гэрийнхэндээ ангийнх нь хүүхэд нулимс асгаруулагч цацаад улмаар нулимс нь гоожиж, толгой нь эргэсэн гэжээ.
Хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монгол-Японы нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хүүхдүүд эмнэлэгт хүргэгдээд цаг гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд шаардлагатай анхны тусламж авсны дараагаар нэгдсэн шинжилгээ өгөх аж.