| | USD/MNT 0₮

Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Онцгой байдлын алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ.

Гамшгийн аюулаас иргэдээ авран хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн зүтгэж явсан бидний дайчин нөхөр, хамтран зүтгэгч Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Д.Жанчив нь 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гал түймрийн аюулаас эрдэнэт хүний амь насыг аврахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан нь бидэнд нөхөж баршгүй уй гашууг авчирлаа. Ахлах ахлагч Д.Жанчив нь 1984 онд Улаанбаатар хотод Т.Дашнямын ууган хүү болон мэндэлжээ.

Тэрээр 2002 онд Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг “Аврагч, гал сөнөөгч” мэргэжлээр төгсөж, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлж, 2014 оноос Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид гал сөнөөгч, тасгийн дарга, салааны захирагчийн туслахаар ажиллаж байв.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, авран хамгаалах ариун буянтай үйлсэд эзэмшсэн мэргэжил, авьяас чадвар, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан хамт олноо хошуучлан ажилладаг манай тэргүүний алба хаагчдын нэг байлаа.

Д.Жанчив нь эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж “Цэргийн хүндэт медаль”, Онцгой байдлын албаны төлөө-1, 2, 3, “Эх орны төлөө”, “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагнуулж байв.

Төр түмэн, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах ариун үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн эрхэм журмын нөхөр ахлах ахлагч Д.Жанчивын эгэл даруу, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд үлдэж, байгуулсан гавьяа нь мөнхөд дурсагдах болно.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.