| | USD/MNT 0₮
Чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас чөлөөт болон сонгомлын төрөлд эрэгтэй, эмэгтэй 26 тамирчин зодоглож байгаа.
Тэмцээний эхний өдөр таван тамирчин дэвжээнд гарснаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга алтан медалийн төлөө барилдаад мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн наадмын аварга тэрбээр Ираны алдарт бөх, дэлхийн иж бүрэн медальт Рахман Амоузад Халитай барилдаж 2:1-ээр ялагдаж Ази тивийн хошой мөнгөн медальтан болж байгаа юм.
Медаль авсныхаа дараа тэрбээр "Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд барилдахын тулд бэлтгэл сургуулилалтаа маш сайн хийж, энэхүү медалийг авлаа. Финалын төлөөх барилдаан санасан барилдаан болж чадсангүй. Дараа дараа таарч барилдах байх. Манай Чөлөөт бөхийн холбоо бөхчүүдээ маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Олимпын эрхийн төлөө баг тамирчид бэлтгэлээ хангаж байна. Тэмцээнд оролцох баг тамирчдадаа амжилт хүсье. Монгол Улс нэг баг олимпын тавцанд бүгдээрээ олон жил тасарсан байгаа медалийг авчрахын төлөө хамтдаа хичээцгээе. Намайг дэмждэг ах эгч, бэлтгэлийг минь хангуулж өгдөг найз нөхөд болон ар гэрийнхэндээ маш их баярлалаа. Бөхийн буян их шүү. Олимпын алтан медаль авахын төлөө хичээх болно" гэж сэтгэгдлээ хуваалцжээ.