| | USD/MNT 0₮

Б.Энх-Амгалан: Хотын түгжрэлийг багасгахаар гүүрэн зам болон ДҮҮЖИН тээврийн төслийг хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байна. Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, гүүрэн зам барихаар шийдвэрлэлээ. Энэ нь замын түгжрэлийг 46 хувиар бууруулна. Төсвийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар. Нөгөөх нь дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлнэ" гэв.

Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно

“Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ. Мөн Их тойруугийн есөн уулзварт орох, гарах 27 цэг байгуулах юм. Гүүрэн зам барьснаар замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж тооцоолсон байна. Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд тухайн жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө. Ингэснээр зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзжээ. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд оруулахаа илэрхийлсэн байна.  

Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын 60,7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр төслийг эхлэх юм. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд 4.9 км урт, гурван зогсоолтой, Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог чиглэлд 5.4 км урт, гурван зогсоолтой зам тавихаар төлөвлөж байна. Ингэснээр Баянхошуугаас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 4.9 км замыг гэхэд 16 минутад туулах бөгөөд өдөрт 22000 хүн зорчих боломжтой гэсэн тооцоо гарчээ. 60,7 сая еврогийн зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 12 жил чөлөөлөгдөхөөр Санхүүгийн хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.