| | USD/MNT 0₮

Замын-Үүд боомтоор 10 хоногийн дотор 69,277 хүн зорчжээ

Гаалийн байгууллагаас өгсөн мэдээллээр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн иргэд болон тээврийн хэрэгслийн тоо энэ сарын эхний 10 хоногт өмнөх сарын мөн үеэс нэмэгджээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-10-ны хооронд тус боомтоор нийт 8,630 тээврийн хэрэгслээр 69,277 хүн зорчжээ. Эдгээрийн 63,009 нь монгол иргэн бол гадаадынх 6,268.

Өнгөрсөн гуравдугаар сарын мөн үед 7,947 тээврийн хэрэгслээр 48,235 хүн зорчсон бөгөөд 43,796 монгол, 4,439 гадаад иргэн байжээ.

Ачаа тээврийн хувьд гуравдугаар сарын эхний арав хоногт 2,590 тээврийн хэрэгсэл улсын хилээр орсон бол 2,509 тээврийн хэрэгсэл гарчээ.

Харин энэ сарын эхний 10 хоногт буюу боомт 24 цагаар ажиллаж байгаа хугацаанд 3,648 ачаа тээврийн хэрэгсэл ирсэн бол 3,337 тээврийн хэрэгсэл урд хөршийн хилийг давсан байна.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд боомтын шинэ цогцолборын ачаа тээврийн хэсгийг 2023 оны арваннэгдүгээр сарын 27, зорчигч тээврийн хэсгийг 2023 оны нэгдүгээр сарын 8-нд ашиглаж эхэлжээ. Шинэ цогцолборыг 2024 оны гуравдугаар сарын сүүлчээр албан ёсоор нээсэн билээ.

Ингэснээр зорчигч болон ачаа тээврийг уг боомтоор нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарыг хүртэл ачаа тээврийн цогцолборыг 24 цагаар ажиллуулах болсныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань мэдэгдэж байв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.