| | USD/MNT 0₮

Эмүжин: Эрхэм хотын дарга Х.Нямбаатар таны зөвшөөрөлтэй гадуур гардаг болсон гэж өчигдрийн лайвыг чинь үзээд ойлголоо

Хотын засаг дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.04.10/ СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгонд очин шууд бичлэгийн үеэр “Энд тэндхийн атаманууд цуглачихсан. Яагаад байгаа юм. Эднийг цэгцлээч. Том том юм ярьсан баахан нөхдүүд байна. Ахмад аа. Өнөөдөр орой энэ хавиар явж шалгана шүү” гэж хэлсэн. Тэгвэл энэ бичлэгийг Зохиолч Р.Энхтуяа буюу Эмүжин онцлон өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

Тэрбээр, “Монгол Улсын иргэн миний бие өнөөдөр хэвлэх үйлдвэрээр орох ажилтай юм аа. Тэндээсээ гараад, Метромаллын кофе шопт хүнтэй уулзаж ажил зөвлөлдөнө. Зүгээр түүхийн сэдвээр л ярилцах юм аа, Данзангийн монгол доллар хэвлүүлж байсан тухай ам ангайхгүй ээ, соц үеийн талаар сонирхож байгаа санаатай. Тэгээд үдээс хойш 11-р хороололд хүүхдийнхээ сургуулийн автобусыг хүлээнэ. Голдуу машиндаа 10, 20 минут суудаг юм, гадаа дулаарсан болохоор тэр хавиар алхана, сандал саравч олдвол сууна, хорооны цагдаад нь урьдчилан бичгээр мэдэгдэх ёстой юу? Дэмий сэлгүүцлээ гээд торгочихгүй байгаа даа гэж зовох боллоо. Хүүхдээ гэрт нь хүргээд, амжиж гараад Бөмбөгөр хавиас 2.0кг цагаан будаа, ганц ургамлын тос авна, энэ тухай танд дуулгах ёстой юу? Оройдоо Тусгаар тогтнолын талбай хавиар салхилах юм, бичгээр мэдүүлэг хүргүүлэх үү, таны цагдаа нар аччихгүй байгаа даа? Заавал таны зөвшөөрөлтэй гадуур гардаг болсон гэж өчигдрийн лайвыг чинь үзээд ойлголоо, зөвшөөрлийн хуудас цохолт хийж олгоно уу. Шөнө та минь " Унтахгүй юугаа хийгээд байгаан?" гээд ороод ирэхгүй биз дээ, манайх найдвартай 24:00 цагт унтдаг шүү, хажуу айл нотолно, хүсвэл бичгээр баталгаа илгээе ээ” гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.