| | USD/MNT 0₮

Ч.БАЯНСАН: “Андын илч”-ийн гэх бүлэг хэргээс өөр хэрэг хүү дээр минь НЭМЖ яллахыг зөвшөөрөхгүй. НҮБ-д ХАНДАНА

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан хэрэг 2023 оны гуравдугаар сард олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, уг хэрэгт нийт 16 хүн Хятад иргэдийн захиалгаар “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг галт зэвсэг ашиглан айлган сүрдүүлж, заналхийлэн, уурхайг шижлүүлэх гэсэн үйлдэлд холбогдсон. Тус хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг хууль сахиулах байгууллага саатуулан мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүх хурал үргэлжилж байгаа юм. Тэгвэл энэ хэрэгт нэр холбогдон, хоригдож буй иргэний эцэг, эхтэй ярилцлаа.

-2024.04.03-ний өдөр тус хэргийн шүүх хурал дахин хойшилсон. Энэ шүүх хуралд ирэхэд нь таны хүүгийн биед халдсан, хөл гарыг нь хугалсан, эрүүдэн шүүсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж мэдээлсэн. Одоо хүүгийн тань биеийн байдал ямар байгаа вэ?

-Биеийн байдлыг нь мэдэхгүй байна. Учир нь одоохондоо уулзаагүй байгаа. БЗД-ийн прокурор болон Хүний эрхийн комисст эрүүдэн шүүсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж өргөдөл өгсөн. Өргөдлийн минь утга бол шүүх хурал руу авчрах явцад зодсон талаар мөн хүний салтаа руу толгойг нь хийгээд дэвсэлсэн гэсэн. Энэ тухай өмгөөлөгч нь бидэнд мэдээлсэн. Бөхөөр хичээллэдэг байхад хөлийн шөрмөс тасарч байсан. Миний хүү явж чадахгүй байгаа гэсэн. Тэр шөрмөсийг зодож байхад нь дахин тасалчихсан болов уу гэж таамагласан.

-Энэ хэргийн талаар та юу гэж харж байна вэ?

-“Андын илч” гэх компанийн дээгүүрх эрх мэдэлтэй хүмүүсийн хэрэг гэж харж байна. Цахим сүлжээнд зарим нэг тодорхой өндөр албан тушаалтнуудыг зарлаад байгаа. Тодруулбал, УИХ-ын Гишүүн Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн ИХТ Ж.Цээсүрэн, ИТХ-ын дарга Д.Хосбаяр мөн энэ хэргийг захиалсан гэх БНХАУ-ын иргэн Жанчуан зэрэг хүмүүс бий. Яагаад эдгээр хүмүүсийг хууль хүчнийхэн шалгахгүй, эрх чөлөөтэй яваад байна гэдэг сонирхолтой. Хамгийн гол нь яг цаана нь байгаа томчуудыг л илрүүлэх шаардлагатай байна. Хэрэгт холбоотой гээд байгаа.

-Та эргэлтээр хүүтэйгээ уулзахад юу гэж хэлж байна вэ?

-Хүү минь “Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн нэгийг ч таньдаггүй. Буруу зүйл хийгээгүй болохоор хүү нь айхгүй байна аа. Монголын шүүх үнэн зөв шийдэж өгнө гэж итгэж байна. Битгий санаа зовоорой” гэсэн.

-Шүүх хурал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хоригчдргчдын нэрийг зарлаж мэдээллийг хэн тараагаад байгаа юм бэ? /Шүүх хурал үргэлжил байгаа/

-Энэ асуудлыг 2023 онд хэрэг болсон гэж баривчлагдаад явж байх үед нь хэвлэлээр хэргийн тухай зарлачихсан. Прокурорын байгууллагад өгсөн өргөдлийн хариу МУ-ын   Ерөнхий прокурорын газрын орлогч дарга хүний хэл гэсэн зааварчилгаагаар нэрсийг зарласан гэж тодорхойлж хэлсэн. Бид шүүх хурлыг ажиглаж байгаад болохгүй бол НҮБ-ын хүний эрхэд хандах болно. Юу ч гэсэн эцсээ хүртэл, чадахаараа явна даа.

-Энэ шүүх хурал нэг удаа л болсон гэсэн. Шүүх хурал нь ямар шалтгааны улмаас хойшлоод байгаа юм бэ?

-Тийм. Энэ шүүх хурал нэг л удаа болсон. Үлдсэн нь дандаа хойшлуулж байгаа. Хойшлуулахдаа бүр нэг сараар хойшлуулна. Өнгөрсөн есдүгээр сард болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгч, шүүгч, прокурор үг хэлж болно гэж байгаа юм. Шүүгдэгчид үг хэлэхээр тэднийг тээвэрлэж ирсэн Spot гээд машин цонхны доор зогсчихсон машин нь сигналдаж байсан гэсэн. Тэр үед өмгөөлөгчид шүүгчид хандан “Энэ юу гэсэн үг юм бэ, бид 20, 30 жил шүүх хуралд оролцож байсан ч ийм шүүх хурал үзсэнгүй, хаалттай шүүх хурал чинь хаана байгаа юм бэ” бүгд хэлсэн гэж байсан. Уг нь цагдаа, прокурор, шүүх гэдэг тустаа субъект шүү дээ. Монголын шүүхэд цагдаа прокурор нөлөөлж болохгүй л баймаар юм.

Улсын яллагч буюу прокурор нь гурвуулаа шүүх хуралд ирээгүй тул хойшилсон гэсэн. Нэг нь ч болов ирж болно шүү дээ. Яллах гээд л чичрээд байна гэж харж байгаа. Би бол цагдаа, прокурорт “миний хүүгийн хийсэн нь нотлогдвол үүрэг хариуцлагыг нь хүлээлгэ. Хамаагүй. Гол нь чин шударга л явуулж өгөөрэй, дээр нь битгий хэрэг нэмээд байгаач ээ” гэж хэлээд л байгаа.

-Дээр нь битгий хэрэг нэмээд байгаач ээ гэсэн нь юу гэсэн үг вэ?

-Мөрдөн байцаалтын явцад Анхбаяр гэдэг эмч залуу гараад ирсэн. Түүнийг “бааранд байхад нь зодож, сүх, хутга барьж араас нь хөөсөн” гэж миний хүүгийн эсрэг хүчээр худал мэдүүлэг өгүүлэхийг  цагдаа шаардсан байсан. Тэр залуу шал өөр хүнд зодуулсан гэсэн. Надтай уулзаад хэлэхдээ “СБД-ийн Хоёрдугаар хэлтэст мэдүүлэг өгсөн. Би танай хүүг хараагүй. Миний хэлээгүй зүйлсийг мэдүүлэг болгон бичээд  гарын үсэг зур гэсэн. Би заавал уншиж, танилцаж байж гарын үсэг зурна гэхэд байцаагч ураад хаячихсан. Дахин мэдүүлэг өгсөн” гэсэн юм. Тэгээд Анхбаяр гэх залуу “Австрали таван жилийн хугацаатай явж байгаа  болсон явдлыг бичиж, нотариатаар батлуулаад  би та бүхэнд баримт болгон үлдээе. Хэрэв миний бичсэн зүйлс баримт болохгүй бол шүүх хуралд онлайнаар оролцож өгч болно” гээд явсан.

-Дээрх зодооны хэргийн талаар тодруулаад ярьвал?

-Энд тэндхийн эзэнгүй хэргийг л тохох гэсэн байх.  Гол нь бид шударга шүүхийг л хүсэж байна.

-Та хүүгийнхээ талаар ярьж өгнө үү?

-25 настай 1.80м өндөртэй. Бие хаа сайтай өсгөлүүн багаасаа бөхөөр хичээллэсэн. Энд ирээд бөхөөр хичээллэнгээ хамгаалалтын компанид ажиллаж байгаа гэж байсан. Их дөлгөөн, гэнэн, цагаахан араншинтай. Учир нь 16 нас хүртлээ айлын ганц хүү байж байгаад сүүлд дүүтэй болсон юм л даа. Нас бие гүйцсэн гэхээргүй цагаахан хүүхэд, ойр дотнын таньдаг хүмүүс бүгд мэднэ дээ.

- Энэ хэрэгт холбогдохоос өмнө хүүгийн тань цаашдын зорилго, мөрөөдөл юу байсан бэ?

-Хөх хотод хуулийн чиглэлээр сурах гээд бичиг баримтаа бүрдүүлж явсан. Бөхөөр хичээллэх их сонирхолтой. Ард түмнээ баясгасан сайн бөх болно гэж мөрөөддөг байв. Одоо ийм хэцүү хэрэгт холбогдоод байж байна даа. Бид хоёр хүүтэйгээ хамт хоригдчихлоо. Өр зүрх тасрах шиг л мэдрэгдээд жил гаруй хугацаа өнгөрчээ. /Уйлав/  Яах вэ. Бид тэнэг хүмүүс биш. Үнэхээр бусдыг хохироосон бол үүрэг хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ялт ч үгүй энэ зүгээр нэг хэдэн залуусын танхай балмад хэрцгий үйлдэл гаргасан хэрэг биш байгаа юм.

-Ярилцсан танд баярлалаа гэснээр бидний дундах яриа өндөрлөв. Ингээд хоригдогчийн ижий аав нь “Бид бурхан биш Монголын шүүхэд л итгэхийг хүсэж байна” гэв.

                                                                            

         /Улаанбаатар хот 2024.04.09 01:38/

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.