| | USD/MNT 0₮

Монгол Улс гаднын орноос гурилын хараат болчихвол МАН болон Д.Тогтохсүрэн хариуцлага хүлээх үү?

УИХ дахь  /2024.03.25/-ны өдрийн МАН-ын бүлгийн хурлаар гурилын үнийн гаалийн татварыг тэглэх асуудлыг дэмжсэн. Энэ үеэр Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гурил 15 орчим хувийн гаалийн албан татвартай байгаа юм. Сүүлийн үед гурилын үнэ огцом нэмэгдэж, үйлдвэрлэгчид монопол эрх эдэлж байна гэж үзсэн учир гаалийн албан татварыг чөлөөлж, импортыг нээлттэй болгох саналыг Засгийн газраас оруулсан юм.

МАН-ын бүлэг гурил, малын тэжээлийн импортын гаалийн албан татварыг тэглэх саналыг дэмжлээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ" гэж хэлсэн. Харин тэдний хэлэлцэх уг асуудалд судалгаа хийсэн үү? Ямар зорилго агуулж яаралтай гээд байна вэ? гэх асуулт хөндөгдөнө.

Гурил үйлдвэрлэгчид монопол болсон гэнэ. Манай Улсад гурилын найман үйлдвэр тогтвортой бус үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь 3 сая 400 мянган хүн амтай жижиг зах зээлд яг хэдэн компани байвал Монопол биш гэж тогтоох вэ? Эдийн засгийн шударга журмаар 100 гурил үйлдвэрлэгчид бий болсон ч найман компани хангалттай байвал бусад нь дампуурна. Гэсэн ч нийт зах зээлийн 50-иас дээш хувийг нэг компани хангаж байж үүнийг монопол гэнэ. Гэтэл яагаад найман компани оршин тогтноод байна. 

Сүүлийн үед гурилын үнэ огцом нэмэгдсэн гэнэ. “Дээрх үйлдвэрийн үнэ дээр жижиглэн худалдаа эрхлэгчид болон сүлжээ дэлгүүрүүд 22% маржин, 10%-ийн НӨАТ нэмж жижиглэнгээр худалдан борлуулахаар дээд гурил          3 000төгрөг, 1-р гурил дэлгүүрт 2 500 төгрөгөөр зарагдаж байгаа. Алслагдсан баруун аймгуудад логистикийн зардал 200-300 төгрөг нэмэгддэг.

Үйлдвэрлэлийн 65%-ийн нэмүү өртгийн 45-50% нь үйл ажиллагааны бүх зардлууд, үлдсэн 15-20% нь ашиг юм. Үйл ажиллагааны зардлын хамгийн их хувийг цалин хөлс, НДШ-үүд, баглаа боодол, цахилгаан дулаан, тээвэр ложистик, зээлийн хүү, элэгдэл хорогдол гэх зардлууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн улаан буудайг тээрэмдэж бүтээгдэхүүн хийхэд 450-500 мянган төгрөгийн зардал гаргаж 150-200 мянган төгрөгийн ашиг олдог гэсэн үг. Бусад хүнсний үйлдвэрлэлийн адил борлуулалтын орлогоос 9-12%, татварын дараа 7-10%-ийн ашигтай ажилладаг салбар” гэж Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал Пүрэвжавын Цэнгүүн нийтэлсэн.

Манай улсад дэлхийн зах зээлээс гурав  дахин үнэтэй гурил борлуулдаг гэнэ. Энэ сэдвийг сэтгүүлч Болдко нийтэд мэдээлсэн. Гэтэл энэ оны хоёрдугаар сарын байдлаар Өмнөд Солонгос улсад 1кг гурил 1.295 евро буюу 4740 төгрөг, Хятадад 1.532 евро буюу 5579 төгрөг байна. Сүүлийн хоёр жилд болсон дайны улмаас ОХУ-д рубль ханш унаж гурил гэлтгүй өргөн хэрэглээний барааны үнэ хямд байна. 

Уг сэдвийн хүрээнд Эдийн засагч Б.Лакшмитай ярилцахад “Бид ОХУ-аас шатахууны хараат байна. Тухайлбал, Шатахуун импортлохгүй гэсэн тохиолдолд үнэд шууд нөлөөлдөг. Тэгвэл гурилтай адил нөхцөл байдалд хүрж болзошгүй. Гаднаас хямд эх үүсвэртэй гурил хэрэглэж байна гэж байгаа ч үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийгээд, нэг мэдэхэд гурилын үнэд нөлөөлөх боломжгүй болно. Тэртээ тэргүй гаалийн татвар боломжит зүйлийг тэглэчихсэн учир тэр шүү дээ. Бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болчихно. Эргээд гаднын оруулж ирж байгаа үнэ өсөх тохиолдолд хянах боломжгүй. Мөн төгрөгийн ханш сулраад эхэлбэл гурилын үнэ өсөх эрсдэл үүснэ” гэв.

Эцэст нь МАН болон УИХ-ын Гишүүн Д.Тогтохсүрэн танаас асуух хоёр асуулт байна.

-2020 онд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт “Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно” гэжээ. Гэтэл хэлэлцэхийг дэмжиж буй дээрх хуулийн төсөл тариалан эрхэлдэг 17.683 өрхийн амьжиргаа, Монгол Улсын найман үйлдвэрлэгч компанийг үгүй болгох эрсдэлтэй байна. Мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаад байна уу?

-  Гаднын улсаас стратегийн ач холбогдолтой гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хамааралд орвол МАН хариуцлага хүлээх үү?

 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг 

Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.