| | USD/MNT 0₮

"GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан иргэнд 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.16-аас 03 дугаар сарын 23-ны өдрүүдэд) 34.785 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 435 хэргийг хүргүүлсэн байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

️ Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, тухайн алба хаагч гэмтсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

️ Энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэр бүхий иргэд бүлэглэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэрдийн галав”-ын үе буюу 66 сая жилийн өмнөх устаж үгүй болсон “Тарбозавр /Tarbosaur bataar/” нэртэй Үлэг гүрвэлийн толгойн ясны хэсгийг буюу соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, бусдад зуучилсан үйлдэлд Б нарын 5 иргэнийг шалгаж, Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

️ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь ажлын байрандаа “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 3 төрлийн бодисыг 2023 оны 10 дугаар сараас тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглан үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

️ Иргэн Ө нарын нэр бүхий 3 этгээд бүлэглэн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хууль бусаар ашигт малтмал олборлож, 755.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

️ Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон бодисыг 2023 оны 05 дугаар сараас мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

️ Иргэн Л нь Увс аймгийн нутаг дэвсгэрт байх Улсын тусгай хамгаалалттай газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийт 18 ширхэг нойтон “Шинэс” модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 5.500.718 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

️ Иргэн О нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар 13 ширхэг “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 1.100.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

️ Иргэн А нь Булган аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зөвшөөрөлгүй мод бэлтгэж, 1.011.209 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

️ Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

️Цахим орчинд энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн.    

️ Цахим орчинд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэр бүхий хаягаас “Баахан хужаа хүмүүсийг бие засуулаад явлаа” гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн Б-ийн олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан үйлдэлд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

️ Цахим орчинд 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Хаан банк”-ны урд талын явган хүний зам дээр “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг байршуулсан” талаарх зурагт мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д-ийн “явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

️ Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Орон сууцны хорооллын гадна талын гудамж талбайд бие засаж, тамхины иш хаяж байгаа иргэд”-ийн талаарх видео мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О, С нарын олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч тус бүрд 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн.

️ Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтаас энэ оны 03 дугаар сарын 14-ний өдөр “................ үйлдвэр ажилчдынхаа усанд ордог өрөөнд камер байршуулсан” гэх мэдээллийг байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хяналтын камер нь ажилладаггүй, ажилчдыг тухайн өрөөнд хог болон бусад эд зүйл хаяулахгүй байх зорилгоор байршуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан (зөрчлийн шинжгүй) үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.  

️ Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Заваарсан балиар юм. Цахимаар лайв хийхээрээ зүгээр бурхан тэнгэрийн амьтан шиг л байдаг юм билээ. Яг үнэндээ цонхоороо нус шүлс цэрээ хаяж, татсан тамхины ишээ ч хогийн саванд хийх ухамсаргүй байна. Ямар муухай хоёр нүүртэй юм.” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. 

️ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.