| | USD/MNT 0₮
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 47, эмэгтэй 32, холимог багийн 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 8-нд Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт болно.
Энэхүү тэмцээн нь 2024-2025 оны Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэх, медальт байрт шалгарсан тамирчдыг Үндэсний шигшээ багийн бэлтгэлд хамрагдах боломж олгох, цаашлаад 2024-2028 оны олимпын циклд шинэ залуу тамирчдыг тодруулан гаргаж бэлтгэх, хүүхэд, залуусыг жүдо бөхөөр хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Тэмцээний холимог багийн барилдаанд түрүүлсэн баг гурван сая төгрөг, алтан цомын эзэн болно. Улсын аваргын эхний өдөр хөнгөн долоон жин, хоёр дахь өдөр хүнд долоон жингийн барилдаан болох бол тэмцээний сүүлийн өдөр холимог багийн барилдааныг зохион байгуулна.
Монголын жүдо бөхийн холбооноос энэ удаагийн улсын аварга Монгол Улсын хошой аварга, олон улсын тэмцээний дөрвөн удаагийн аварга, самбо бөхийн Азийн аваргын мөнгө, дэлхийн цомын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа ажээ.