| | USD/MNT 0₮

Э.БААТАРЦОГТ: 1072 ХУВЬЦААНЫ ДАНСЫГ БҮХ БРОКЕРИЙН КОМПАНИ 5000 ТӨГРӨГӨӨР НЭЭНЭ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр Ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Дэлхийн хэмжээнд “COVID-19” коронавируст халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигч иргэддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж байна. 

2020 оны гуравдугаар сарын 02-ноос 09-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 2050 хүн холбогдсон бол Мэдээллийн төвийн байранд 825 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авчээ. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 28’152 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 63’512 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Мэдээллийн төвийн сошиал суваг болох “1072 Хувьцаа мэдээллийн төв” нэртэй Facebook хуудсыг давхардсан тоогоор 10 мянга орчим хүн үзэж, мэдээлэл авсан байна.

Мэдээллийн эхэнд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн Менежер Э.Баатарцогт хэлэхдээ "Ногдол ашиг гэдэг бол тухайн хувьцаат компанийн жилийн ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тарааж буй нэг төрлийн ашиг буюу цалин юм. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр 29 компани хувьцааныхаа ногдол ашгийг олгохоор зарласан. Тухайлбал, “Монгол базальт” компани нэгж хувьцаанд дөрвөн төгрөг, “Эдисек” 10 төгрөг, “Ард санхүүгийн нэгдэл” 34 төгрөгийг олгохоор тооцсон байна. Үүний адилаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 90 төгрөгийн ногдол ашиг бол тухайн жилийн л ногдол ашиг юм. Зарим иргэн буруу ойлголттой явж байх шиг байсан. Тухайн иргэний хувьцааг нь үнэлэх эсвэл 90 төгрөгөөр үнэгүйдүүлээд зарж байгаа хэрэг огт биш. 2020 оны ашгийг 2021 ондоо нэгж хувьцаанд тодорхой ашгийг олгоно. Энэ бол нэг төрлийн цалин юм шүү гэдгийг ойлгох ёстой.

Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хувьцааны дансыг онлайнаар нээж байгаа. Үнийн хувьд харилцан адилгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос нэгдсэн стандарт тогтоогоогүй. ЭТТ ХК-ийн аппликейшнээр дамжуулан бүх 52 брокер дилерийн компани хувьцааны дансыг нээх гэж байна. Гэхдээ бүгд ижил үнээр нээгдэнэ. Учир нь тухайн брокерийн компанид ажил үйлчилгээ явуулж буй шаардлага гарахгүй байгаа тул үнийг нэгдсэн байдлаар 5000 төгрөгөөр тогтсон. Өөрөөр хэлбэл, цаашдаа хувьцааны данс онлайнаар нээх үйлчилгээ 5000 төгрөгийн үнэтэй байгаа. Өмнө нь хувьцааны данс нээсэн иргэдэд хандаж хэлэхэд дахиж данс нээх хэрэггүй. Тэр бол насан туршид нь хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаанд орох данс нь нээгдсэн гэсэн үг. Иймд тухайн дансаа өөрийн ашиглаж буй арилжааны банкныхаа данстай холбоход л хангалттай" хэмээн онцолсон юм. 

Фэйсбүүк буюу сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 50 гаруй хуурамч пэйж хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүдийг цацаж байна. “1072 хувьцааг өндөр үнээр авна, зарна” гэсэн олон зар сошиал орчинд цацагдаж байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Мөн Зөрчлийн тухай хуулиар цахим орчинд олон нийтэд санаатай ташаа мэдээлэл түгээсэн хэлбэр бөгөөд энэ төрлийн зөрчил гаргасан иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог байна.

Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. Гэхдээ зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа болон нийт иргэдийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл цахим хэлбэрээр ҮЦТХТ-д хадгалагддаг.

1072 хувьцааг Дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгох хүртэл зарах, борлуулах боломжгүй бөгөөд зарим пэйж, группууд хандалт, дагагчаа өсгөх зорилгоор иймэрхүү агуулга бүхий хуурамч мэдээлэл, зар нийтэд түгээж байгааг сэрэмжлүүлж байна.

Ногдол ашигтай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:

  • www.ett.mn вэб сайт
  • “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас, 
  • 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ 
  •  ЕТТ аппликейшн 
  • 158989 мессеж дугаар.
Э.БААТАРЦОГТ: 1072 ХУВЬЦААГ ИРГЭНЭЭС ИРГЭНИЙ ГАРТ ДАМЖУУЛАН ХУДАЛДАХ БОЛОМЖГҮЙ
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.