| | USD/MNT 0₮
Долоохон настай хэрнээ биедээ баймгүй ухаантай, адтай энэ охиныг Баярын Номингэрэл гэдэг. Одоо Германы Дойче Шуле сургуулийн хоёрын А ангид суралцдаг. Тэрбээр айлын ганц охин бөгөөд аав ээжтэйгээ хамт 4 настай алс холын Герман улсыг зорьжээ. Аав ээж нь ажиллахын зэрэгцээ адтай сэргэлэн охин нь тус улсын цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшжээ. Ингээд нэгдүгээр ангид орох жилээ гэр бүлээрээ эх орондоо ирсэн байна. Б.Номингэрэлийн хувьд Герман болон Англи хэлээр чөлөөтэй ярьдаг, шүлэг уран тод уншдаг. Мөн юүтүбэр үзэх дуртай. Түүний хувьд багаасаа найзалж нөхөрлөсөн цэцэрлэгийн бол сургуулийн, байрны найзуудынхаа дурсамжийг мөнхлөхөөр бяцхан дурсамжийн ном санаачилж, охид хөвгүүдэд зориулсан номоо хэвлүүлэн гаргажээ. Маш бүтээлч, адтай сэргэлэн охинтой ярилцлаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулаач?
-Намайг Б.Номингэрэл гэдэг. Одоо долоон настай.
-Долоон настай хэрнээ бяцхан ном санаачилж, хэвлүүлж гаргасан гэлээ. Энэ номоо танилцуулаач?
-Би Германд цэцэрлэгт байхдаа манай ангийн хүүхдүүд бүгдээрээ ийм ном аваад тойруулдаг байсан. Өөр өөрсдийнхөө дурсамжийг энэ ном дээрээ бичиж бөглөнө гэсэн үг. Жишээлбэл, зурагт хуудсыг танилцуулахад, эхлээд өөрийнхөө нэрийг бичнэ, холбоо барих утсаа бичнэ. Найзууд маань өөрийнхөө нас болон төрсөн он сар, энэ жилийн өөрийнх нь онцлох үйл явдал, дуртай хоол, хайртай амьтан, дуртай тоглоомоо хүртэл бичиж болно. Хийж чаддаг зүйлүүдээ ч бичиж будна. Том болоод ямар мэргэжилтэй болохоо бичнэ. Унасан сүүн шүднүүдээ хүртэл ингээд будаад тэмдэглэчихэж болно. Надад хэлэхийг хүсдэг үгсээ бичиж болно. Мөрөөдлөө бичиж зурж болно. Ер нь сонирхолтой байдлаар харуулсан ном гэхүү дээ. Найзуудаагаа мартчихаар номынхоо хуудсыг эргүүлээд л зургийг нь хараад санадаг. Цэцэрлэгээ төгсөөд найзуудаа марчихна шүү дээ. Тиймээс ийм номыг бөглөөд буцаагаад надад өгчихнө. Энэ номоо дэлгэж хараад анкет шиг бөглөсөн найзуудаа хэн бэ гэдгийг хараад санана гэсэн үг.
Харин Монголдоо ирээд сургуульд орсон ингээд ангийнхаа найзуудаар ийм ном аялуулж бөглүүлье гэхэд энд байдаггүй юм билээ. Их хайсан боловч олдоогүй учраас ээждээ “Ээжээ хоёулаа ийм ном санаачилж хийгээд найзууддаа өгье” гэж гуйхад зөвшөөрсөн. Харин манай ээж, эгч хоёр маань дэмжээд бид хамтдаа хийсэн. Гурван янзын ном гаргасан.