| | USD/MNT 0₮
“Фантастик” продакшны жүжигчин Б.Ганчулууныг энэ удаад "MY CAREER" буландаа урилаа. Тэрбээр "Би 2008 онд их сургуулиа төгссөн. Одоо 16 жил тасралтгүй уран бүтээлээ хийж явж байна даа. Энэ тэндээс уран бүтээлийн санал ирнэ. Цаг хугацааны хувьд боломж таардаггүй тул заримдаа татгалзсан хариу өгнө. Нэг нэгнийгээ нөхөөд ажилладаг болохоор ажилдаа хариуцлагатай. Дараагийн уран бүтээлдээ залгуулаад орохоор цаг хугацаа алт шиг чухал.
Кино үзэгчдэд маш сонирхолтой байх ёстой. Бид нар хоорондоо дүрээ маш сайн ярилцдаг. Зура уран сайхны кинонд Мандахын дүр бол төрийн албан хаагч. Хүмүүсийн янз янзаар ойлгож ярьж байна. Жишээлбэл урвагч ч гэх юмуу. Төрийн албан хаагчийн цалин бага шүү дээ. Хувийн амьдралд хүрэлцдэггүй. Гадагшаа гарахыг хүсдэг төрийн албан хаагчид байдаг. Хүнд яаж ямар байдлаар хүрч байна тэгэхээр тэрүүгээрээ хүлээж авах байх даа. Зохиол дээрээ маш сайн ажилладаг.
Зура-III уран сайхны кино бол адал явдал ихтэй. Энэ удаагийн кино маань техник технологийн зураг авалт болон харагдаж байгаагүй шинэ зүйлүүд их харагдана. Олон улсын уран бүтээлчид ажилласан. Жүжигчдийн хувьд өмнө нь огт тоглож байгаагүй гадны болон дотоодын уран бүтээлчид тоглосон. Бид бол нүсэр уран бүтээл гэж ойлгож байгаа. "Зүрхний хилэн" уран сайхны кино 2016 онд хийгдэж байлаа. Энэ киноны дүр маань аав ээжтэйгээ их адармаантай амьдралтай дүрийг гаргаж ажилласан. Гавьяат жүжигчин Сараа эгчтэйгээ хамт ажиллахад их сайхан ойрхон санаанаас гардаггүй юм. Аав ээжтэйгээ уулзаж байгаа юм шиг санагдаж сэтгэлд үлдсэн дүр бол "Зүрхний хилэн" байна даа.
Жүжигчин хүн өөрийгөө гаднаасаа их хардаг. Өрөөл бусдыг ч гаднаас хардаг сонин мэргэжил шүү дээ. Ямар ч дүр дээр ажиллахаас өөр сонголт байхгүй. Өөрийгөө эвдсэн дүр дээр ажиллах их сонирхолтой. Нүд юм харахгүй болж, бие хөдөлж чадахгүй болтлоо уран бүтээлээ хийнэ гэж боддог" гэлээ.