| | USD/MNT 0₮
"Хурд" хамтлагийн дуучин Цогоо буюу Д.Төмөрцог гэхээр танихгүй хүн бараг байхгүй дээ. Урлагийн салбарт тэр жинхэнэ үлгэр жишээ хүн гэж үнэлэгддэг. Урлагийн тайзан дээр 30 гаруй жил амьдрахдаа тэрбээр 300 гаруй дуу дуулж олны хүртээл буюу сонсох дуртай дуу болгож чаджээ. Гэхдээ тэрбээр хамтлагаараа хайртай ах дүүсээрээ урлагт олон жил хүчин зүтгэжээ. Өнөөдөр Хурд хамтлагийнхан эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ зориулсан тоглолтоо толилуулах гэж байна.
Цогоогийн хувьд ямар ч тоглолтонд орохдоо дуулах цагаасаа дор хаяж цагийн өмнө ирчихсэн тайзны ард сууж байдаг. Үгүй бүр ямар ч аймар замын түгжээтэй байсан ч хамаагүй. Залуу хамтлаг дуучид би гармаар байна, дуулчихаад явмаар байна, дараагийн ажил төрөл хэцүүдлээ гээд уцаарлаж байхад ах тэнд чимээгүй сууж л байдаг. Учир нь тэнд болж байгаа арга хэмжээг хүндэтгэдэг. Би энд дуу хуураар үйлчлэх гэж ирсэн гэдгээ ухамсарладаг, ёс зүй хэм хэмжээг баримталдаг төлөв даруу, мундаг хүн. Тайзан дээр гараад гүйцэтгэлийн тухайд бол ярих илүүц. Энэ сайхан чанаруудаас нь урлагийнхан суралцах хэрэгтэй. Дуучин хүн бол нийгэмд үзүүлэх үлгэр дуурайлалаараа энэ хүн шиг л байх ёстой гэж боддог. Хувийн амьдрал нь ихэд нууцлаг байдаг тэрбээр хайр сэтгэлийн талаар нэг их ам нээж яриад байдаггүй. Харин тэрбээр саяхан нэгэн сайтад ярилцлага өгөхдөө "Зураг шиг сайхан бүсгүйтэй учирч байсан. Тэр бол нууц. Амьдралдаа гэрлэж үзээгүй. Гэрлэж яах юм" гэсэн ярилцлагыг өгчээ.