Т.Баясгалан:Ээж минь сүрэглэн нисэх шувуун сүргээс үрээ хамгаалаад буцсан цуутын цагаагч гүү шиг л охиныхоо бүх юмыг үүрээд явсан даа
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр тэнгэр өөд одсон ээжийгээ дурсаж ярьжээ. Тэрбээр " Хүн цэцгийг ургуулагч ижийнхээ тухай бодохгүй мөч гэж үгүй билээ. Хайртай ээжийнхээ тухай дурсамжаас та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Та бүхэн минь сайхан ээждээ, хайртай бүсгүйдээ , энхрий охиндоо өргөстэй цэцэг барьж очихоос илүүтэй сэтгэлийн сайхан дулаан үгсээ хэлж байгаарай. Таны хэлсэн сайхан үгс үүрдийн бэлэг болж үлддэг юм шүү.
Мартагдсан дууль гээд кино байдаг даа ээж охин хоёр амьдраад л. Тэр кино яг ээж бид хоёрын амьдрал шүү. Ээжийгээ хүлээгээд л цалингаа авахаар нь баярлаад л. Цалингаа цуглуулж байгаад булган захтай польта авна гээд баярлаад л. Ээж минь ёстой гадаа гарч эр гэрт орж эм болж намайг өсгөсөн учраас аль болох алдаа гаргахгүй, ээжийгээ зовоохгүй хөдөлмөрч байя ээжийгээ тэжээе гэсэн зорилготой өссөн. Миний ээж энэ хорвоогоос буцахдаа "Чи нэг хүн биш нэлээд хэдэн хүний хүч гардаг шүү гэж хэлсэн. Тэгээд гүйгээд ороход ээжтэйгээ 13 минут л хамт байж чадсан. Ёстой нөгөө сүрэглэн нисэх шувуун сүргээс үрээ хамгаалаад буцсан цуутын цагаагч гүү шиг охиныхоо бүх саад бэрхшээл хар цагаан хэл амыг аваад бүх юмыг үүрээд явсан даа.
Би 2009 онд МУГЖ цол авахад Монголын хойч үе ирээдүй хүүхдүүдийг ээждээ хайртай болж хүмүүжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэсэн тийм сайхан зарлигаар цолыг хүртэж авлаа. Тэгэхээр хойч үедээ энэ цолынхоо хариуг барьж явахсан гэж боддог болсон" гэлээ.