Улсын онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр гуравдугаар сарын 30-ныг хүртэл манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04.00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00.00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон.
Гэтэл өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд уг журмыг зөрчиж, "Цонжин болдог" цогцолборт хүмүүсийг олноор цуглуулсан байна. Тухайлбал, иргэний хөдөлгөөнүүд нэгдэн "Сахигтун" үндэсний хөдөлгөөнийг байгуулсан. Тэд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чандлан баримтлахыг эрх баригчдаас шаардаж ажиллахаа мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл, "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, "Босоо хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, Ардын фронтын н.Ганзориг нар УОК-ын тогтоол болон хорио цээрийн дэглэм зөрчиж, олон хүн цуглууллаа. Энэ нь ард иргэдийнхээ эсрэг хийж буй ноцтой зөрчил юм.
Хэдийгээр манай улсад халдвар бүртгэгдээгүй ч нэгдүгээр сарын 09-нөөс хойш эрүүл мэндийн байгууллагууд 800 гаруй хүнийг ажиглалтад авч, тандалт судалгаа хийгдээд байгаа. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар 92 оронд тархаж, өвчилсөн хүний тоо 100 мянга хол давжээ. Халдварын голомт болох Хятад улсад халдвар хумигдаж байгаа ч БНСУ болон Итали, Иран улс халдварын голомт болж өвчлөл өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж байгаа. Энэ үед уг вирусын халдварыг эх орондоо оруулж ирүүлэхгүйн тулд эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилчид, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа гээд олон мянган алба хаагчид цаг наргүй ажиллаж байна. Ард иргэд ч энэ үед аль болох олны хөл холхисон газраас зайлсхийж, байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулж сэтгэлийн хандив үзүүлсээр буй. Товчоор хэлбэл, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг, хамтын хүч, үр дүнд өнөөдрийг хүртэл манай улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй байна. Гэвч цаг ямагт анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх учиртайг эмч мэргэжилтнүүд онцолсоор байгаа. Гэтэл өнөөдөр дур зоргоороо авирласан иргэний нийгмийн байгууллагынхнаас болж энэ их хүч хөдөлмөр үгүй болох магадлалтай юм.
Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04.00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00.00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.