| | USD/MNT 0₮

Бөх:Дунгуйлдаж дугтрах мэхний гайхамшгийг үзүүлж яваа жаахан шарга буюу Улсын начин Д.Амарсайхан

Үндэсний бөхийн талбарт гайхалтай барилдааныг үзүүлдэг нэгэн бөх “төрөв”. Бие жижиг ч бэлчээр хол барилдаанч гэдгээ байнга харуулдаг ид хавтай хурдтай торгон мэдрэмжтэй бөх.  Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин олноо Амаргүй Амараа хочит нэртэй Д.Амарсайхан бөхийн хорхойтнуудыг цэнгүүлж чаддагаа харуулдаг бас гайхуулна Жижигхэн биетэй ч биедээ баймгүй барилдаанч гэдгээ өнгөрсөн 2023 оны төгсгөл дээр харуулав.
Тухайлбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг шигмэл 128 бөхийн барилдаанд "Сүлд" спорт хороо, "Нью Майнд" групп, "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, анх удаагаа Ерөнхийлөгчийн цомыг гардан авч өргөлөө. Хэн ч түүнийг түүхэн барилдаанд түрүүлж, Ерөнхийлөгчийн цом өргөнө чинээ санаагүй бодоогүй явсан. Өөрөө ч түрүүлсэн гэдэгтээ эргэлзэж хошин байдлаар “Цомоо аваад гэртээ очсон. Унтаад өглөө сэрэхэд цом байсан. Аан би яах аргагүй л авчээ гэж бодсон” хэмээн хошигносон удаатай. Түүний хувьд өмнө нь нэг удаа Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд шөвгийн 4-т үлдэж байсан амжилттай. Түүнээс хойш улсын том том цолтой бөхчүүдийг хаяад авна гэдэг амаргүй санагдсан байх. Тиймдээ ч аварга О.Хангай нарыг ханаруулаад хаяна гэдэгтээ итгээгүй гэдэг. Гэхдээ л цаанаа хаячих юмсан гэсэн хүсэл байсан гэдэг.Энэ удаагийн барилдаанд бөх тайлбарлагч нар Дунгуйлдаад хаялаа л гэж зарлаад байсан. Тэгвэл түмэн олноо баярлуулж бөх сонирхогчдоо догдлуулсан Д.Амарсайхан начин "Ганц дунгуйлдах мэхээрээ Ерөнхийлөгчийн цом өргөлөө. Олон сайхан багш нарын буян гэж бий дээ. Жижиг биетэй ч над шиг хүмүүст дархан мэх гэж бараг байхгүй. Нэг мэхээ олон удаа давтдаг" хэмээн сэтгэлээ илэрхийлсэн юм. Амараа начны хувьд бяртай биш, харин элдэвтэй барилдаанч, нэг мэхийг олон дахин удаа давтдаг. Нааж этих, сэнжигнээс дунгуйлдаж дугтрахыг гайхалтай үзүүлдэг бөх.  Олон сайхан эртэй бяртай хүчтэнүүдтэй эн тэнцүү барилдаад унасан ч давсан ч инээгээд явж байдаг. Бас хошин мэдрэмж өндөртэй хүн. Дашрамд дуулгахад, Амараа начин үндэсний бөхөөр шавь бэлтгэдэг ажээ. Эхнэр Я.Эрдэнэчимэг нь мөн бөхийн удамтай бөгөөд хоёр ах нь аймгийн цолтнууд, харин хосууд нэг хүүтэй ажээ.  Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны өглөө эхнэр нь Бөхийн өргөөнд хүргэж өгсөн бөгөөд тэд гэрээсээ гарахаасаа өмнө ТВ-гээр явж байсан "Үлэмжийн чанар" дууг бүтнээр нь сонсоод эхнэр нь “Чи өнөөдөр түрүүлэх ёстой шүү” гэж ерөөжээ. Харин энэ хүсэл ерөөл нь биелэж анх удаа Ерөнхийлөгчийн цом өргөсөн. Булган аймгийн бөхчүүдээс 34 жилийн өмнө Улсын заан М.Өсөхбаяр цом авч байсан бол энэ удаа жаахан шарга буюу амаргүй Амараа начин ийнхүү нутаг усаа зон олноо баярлуулсан үйлдэл нь одоо ч яриастай. Түүний жижигхэн биед төрийн наадмын түрүү ч авч мэднэ дээ. Түүнийг Ерөнхийлөгчийн цом авснаас хойш эр эмгүй крашладаг болсон. Барилдааныг нь үзэж бахдаж баярладаг болсон юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.