| | USD/MNT 0₮

Ж.Хунан:Хуульчдын холбоо хуульч нэр зүүсэн болгоны хууль бус үйлдлийг хамгаалдаг газар биш

 
 
Монгол Улсын нутаг дэвсгэрт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бүх хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын Хуульчдын холбоо байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
 
Өнгөрсөн хугацаанд Монголын Хуульчдын холбоо нь ээлжит гурав, ээлжит бус нэг удаагийн их хурлыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурлыг энэ сарын 26 буюу ирэх долоо хоногт хуралдуулахаар тов тогтоожээ. Энэ хуралдаанаараа шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Учир нь Ж.Хунан ерөнхийлөгчийн хоёр хуулийн хугацаа дуусгавар болж байгаа юм.
 
Тус их хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
 
Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;                             
Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан;
Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;
Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох юм байна. 
 
Ер нь сүүлийн үед Хуульчдын холбоог ажил хийдэггүй, хэрэггүй байгууллага, дотроо хагаралтай байдаг. Хуульчдын холбооноос өмгөөлөгчид өрх тусгаарлана гэсэн мэдээлэл гарсаар байгаа юм. 
 
Тэгвэл энэ мэдээлэлд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "Хуульчдын холбоо юу ч хийдэггүй, хэнд ч хэрэггүй байгууллага мэтээр хууль санаачилагч, хууль тогтоогчдод ойлгуулж, холбооны олон мянган идэвхтэй гишүүдийн хүч хөдөлмөр, идэвх зүтгэл, итгэл найдварыг мохоож, үгүй хийх гэж оролдож байгаад харамсаж байна. 
 
Хуульчдын холбоо бол мэргэжлийн, өөрөө удирдах ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Хуульч нэр зүүсэн болгоны хууль бус үйлдлийг хамгаалдаг газар биш. Хуульч гэхээр бусдаас ангид байхгүй, асуудал, алдаа оноо гарсан бол шалгадаг журмаараа шалгагдах л ёстой. Харин шалгалтын үр дүнд гэм буруу нь тогтоогдохгүй бол эрхийг нь хамгаалах чиглэлээр дуугардаг л байгууллага. 
 
Аливаа асуудлаар өөрийн байр суурь, саналаа бичгээр, албан ёсоор өгдөг, ирээдүйд ч өгнө. Мэргэжлийн хуульчдын байгууллага тул заавал олон нийтийн сүлжээнд сүртэй шууд дамжуулалт, мэдэгдэл, ярилцлага зэргийг хийхгүй байж ч болно" гэжээ. 
 
Дашрамд дуулгахад, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын Их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа, санал өгөх ажиллагаа www.mglbar.mn цахим хуудсаар явагджээ.   
 
 
О.Гал

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бүх хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн, өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын Хуульчдын холбоо байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.