Боловсролын зээлийн сан буюу улсаас зээл авч гадаад улс орнуудад сураад, зээлээ төлөлгүй тэр чигтээ таг болсон хүмүүсийн нэрсийг ikon.mn сайт ил болгосон билээ.
Энэ нэрс дотор өндөр албан тушаалтнууд, тэр байтугай Монголын толгой баян, тэрбумтнуудын хүүхдийн нэрс ч харагдана. /мэдээллийг дараах холбоосоор унших боломжтой https://ikon.mn/visualdata/xt/1icp /
Тухайлбал, “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн 2008 онд Англид суралцахдаа 16 мянган ам.долларын зээлийг Боловсролын зээлийн сангаас авчээ. Сүрэнгийн ээж, хатагтай Г.Алтан хүүхдээ төрөөс зээл авч сургахааргүй бэлтэй нэгэн гэдгийг Монголчууд мэднэ.
2011 онд “НЕRО” сэтгүүлээс гаргасан “Монголын топ 100 тэрбумтан” жагсаалтын 53 дугаарт хатагтай Г.Алтан 70 сая долларын хөрөнгөтэйгээр бичигджээ. Түүний хүү Эдуард Сүрэн гэхэд саяхан Төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийн авлагатай хэмээн шүүхээр заргалдаж, заргаа авсан нь хэвлэлээр гарч байлаа.
Ингээд бодохоор улсаас 20 хүрэхгүй шахуу /тухайн үеийн ханшаар/ сая төгрөг зээлж хүүхдээ гадаадад сургатлаа ядарсан нэгэн лав биш шиг, Г.Алтан захирал.
Гэвч яах аргагүй л Эдуард Сүрэн нь Засгийн газрын 2008 оны 177-р тогтоолоор Глюкестершайрын их сургуульд, магистрийн зэргээр 2 жил суралцахаар 16 мянган ам.долларын санхүүжилт авсан гэсэн баримт цагаан дээр хараар үлджээ.
70 сая ам.долларын хөрөнгөтэй ээж нь ч, 50 тэрбумыг Жаст-ын Ш.Батхүүд зүгээр зээлчихдэг хүү нь ч төрөөс авсан 16 мянган ам.доллараа төлчих боломжгүй гэхэд итгэх хүн олдохгүй. Монголын баячуудын сувдаг зангийн илрэл үү эсвэл улсын мөнгө, төсвийн хөрөнгийг их багаар хулгайлах ёстой гэж боддогийн жишээ энэ үү.
“Алтжин” компанийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн 2008 онд Англид суралцахдаа 16 мянган ам.долларын зээлийг Боловсролын зээлийн сангаас авчээ.