| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчлал хийхээр төлөвлөжээ

               Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тун удахгүй Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх аж. Гадаад харилцааны яам болон Ерөнхийлөгчийн тамгын газраас тус айлчлалд бэлдэж эхэлсэн бөгөөд ирэх тав, зургаадугаар сарын аль нэгэнд нь айлчлал болно гэх мэдээлэл байна. Урьдал болгож Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг есдүгээр сард тус улсад айлчилсан билээ. Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах тухай шийдвэрийг УИХ-аас батласан. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тус Элчин сайдын яамны нээлтийг хийж магадгүй байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЭЛЧИН ЯАМНЫ НЭЭЛТИЙГ ХИЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Манай улс анх 1977 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод консулын газар нээн ажиллуулж байсан. Улмаар хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, Төв Азийн бүс нутаг дахь нөлөөг харгалзан 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосон юм. Гэвч Консулын газрыг 1994 онд татан буулгаж байв.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь 2022 оны есдүгээр сард тус улсад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон байдаг.

Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах асуудлыг хэлэлцэхээс гадна

Монгол Улсаас Узбекистан Улсад болон Төв Азийн бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,

Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх,

Монгол Улсад хүлэмжийн аж ахуй байгуулахад хамтран ажиллах,

Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

Хоёр улсын нийслэл хот хооронд шууд нислэг үйлдэх, агаарын замыг нээх зорилгоор Агаарын харилцааны тухай, Авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулах,

Манай оюутнуудыг Узбекистаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, арьс шир боловсруулах зэрэг бусад олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах талаар ярилцаж магадгүй байгаа юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НЬ 2022 ОНД ТУС УЛСАД БОЛСОН ШХАБ-ЫН ГИШҮҮНИЙ ОРНУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН-

Манай улс Узбекистан Улстай 2022 оны зургаадугаар сараас харилцан визгүй зорчдог болжээ.Хоёр талын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд аажмаар өсөн 2022 онд 10.4 сая ам долларт хүрсэн бөгөөд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд 2022 онд Ташкент хотод Монгол, Узбекистаны бизнес уулзалтыг хамтран зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэгч улсын тоог нэмэгдүүлэх үүднээс улс төрийн хувьд төвийг сахисан, бүс нутагтаа нөлөө бүхий улстай илүү түлхүү ойр ажиллах нь зүйтэй хэмээн үзэж хоёр талын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулахаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар өмнө нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлж байлаа. Узбекистан нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудтай харьцуулахад манай хоёр хөрштэй хил залгадаггүй, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус, бие даасан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг, тухайн бүс нутагтаа улс төрийн нэр хүндтэй улс. Өнөөдрийн байдлаар тус улсад гадаадын 44 улсын Элчин сайдын яам, 2 Ерөнхий консулын газар, Олон улсын 18 байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байна. Тус улс нь гадаад бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээнд шинэчлэлийг өрнүүлж байна. Тухайлбал, Узбекистан нь 2020 онд Евразийн эдийн засгийн холбоонд ажиглагч статустай болсон, саяхан Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа аж.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.