| | USD/MNT 0₮
-ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Сар бүр 3000 тонн махыг зах зээлд нийлүүлнэ-
УИХ-ын дарга коронавирусын үед үзүүлэх эдийн засгийн нөлөө, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нөөцийн талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонссон. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан стратегийн гол бүтээгдэхүүнүүд болох мах, гурилын нөөц, хангамжийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Коронавирусын үед хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үндсэн дээр үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр УОК, Засгийн газар, ҮАЗ анхаарал хандуулан ажиллаж байна. ХХААХҮЯ бол стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн байдлыг байнга хяналтдаа авч, хангамжийг тогтвортой байлгахад анхаарч байгаа. Хүн амын хэрэгцээг тооцохдоо Эрүүл мэндийн сайдын баталсан хүн амын зайлшгүй хэрэглэх хүнсний илчлэг, норм, хэрэгцээг үндэслэсэн.
Махны хувьд төв суурин газрын хүн амын хаврын хэрэглээнд зориулж 12 мянган тонн махыг нөөцөлж бэлтгэлээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Гуравдугаар сараас эхлэн зургадугаар сарыг дуустал зах зээлд гаргана. Сар тутамд гурван мянган тонн мах, өдөр тутамд 100 тонн махыг нийлүүлнэ. 2020 онд иргэдийн нийт өдөрт хэрэглэх махны 80 хувийг нөөцийн махаар хангах бололцоо бүрдсэн байна. Нөөцийн махны үнэ харьцангуй хямд.
Нөөцийн махнаас гадна мөн экспортлохоор бэлтгэсэн. Гэхдээ экспортод гаргах зөвшөөрөлгүйгээс болоод гаргаж чадаагүй аж ахуйн нэгжүүд дээр хадгалагдаж байгаа 10 гаруй мянган тонн мах, махан бүтээгдэхүүн байна. Үүнийг бид дотоодын зах зээл дээр борлуулах бололцоог нээж өгч байгаа. Нөөцийн махыг 279 цэг, худалдааны төв, дэлгүүрээр борлуулахаар хуваарилсан.
Дараагийн стратегийн чухал бүтээгдэхүүн бол гурил. Манай улс жилдээ 230 мянга орчим тонн гурилыг хэрэглэдэг. Үүнийг үйлдвэрлэхийн тулд 300 мянган тонн улаанбуудай шаардлагатай. Гурилын гурван сарын нөөц бэлэн байгаа" гэлээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Сар бүр 3000 тонн махыг зах зээлд нийлүүлнэ