| | USD/MNT 0₮
Хар багаасаа буюу хоёр настайгаасаа дуулж эхэлсэн харааны бэрхшээл болон биеийн хөгжил нь жаахан удаашралтай хүү Б.Бат-Энэрэлийг танихгүй мэдэхгүй хүн байхгүй дээ. Өчигдөр тэрбээр анхны бие даасан "Талархал" нэртэй тоглолтоо UB паласын танхим дүүрэн үзэгчтэйгээр нижгэр хийжээ. Тоглолтын төгсгөлд түүнийг Соёлын яамнаас МУСТА гэсэн цол тэмдгээр шагнаж урамшуулав. Олон хүн баяр хүргэж, өхөөрдөж, уран бүтээлийн өндөр амжилт хүссэн харагдана. Мэдээж шагнуулж байгаа хүү болон ар гэрийнхэн нь фэнүүд нь баярлалгүй яах вэ. Гэвч нөгөө талд түүнийг шүүмжилсэн, СТА-г үнэгүйдүүллээ хэн дуртай нь авдаг боллоо гэсэн цухал бухимдал гарах болов. Хүүхдийг хүүхдээр нь байлгахгүй, одоо бүр эвдэж СТА өгөх нь хэр зөв юм бэ, нэртэйгээр нь МУГЖ цол өгчихөөч гэсэн шүүмжлэл ч харагдав.
Насаараа урлагт зүтгэж, олон киноны гол болон туслах дүр бүтээсэн ахмад уран бүтээлч СТА цол тэмдэг аваагүй байхад, алгын чинээхэн хүүхдэд СТА өгөх нь зөвүү. Төрмөл авьяасаараа театрт дархлагдсан жүжигчин ч СТА тэмдэгтэйгээ удаж байна. Шагнал нүдээ олдог гэж үнэн үү.
Бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэлийг энэ өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн хүн бол яах аргагүй Завханы гэх тодотголтой МУГЖ С.Батсүх юм. Тэрбээр хар багаас нь гарын шавиа болгож, олны хит болсон олон сайхан дуугаа дуулуулах эрх өгсөн. Мөн олон уран бүтээлийг нь дэмжиж тоглолт бүртээ оролцуулахаас гадна өөр тоглолтууд ч дагуулаад явдаг байсан нь үнэн. Гэвч сүүлийн үед багш шавь хоёрын хооронд үл ойлголцол үүссэн үү яасан юм бүү мэд. Хоорондох харилцаа нь хөндийрч, янз бүрийн буруу ташаа мэдээлэл ч цахим сүлжээнд их харагдах болов. Багш шавь хоёрын хоорондох асуудал ард түмэнд падлий байхгүй.
Багаасаа дуулсан авьяасын ундарга хэмээн бусдад хүндлэгдэж, дуулсан дуу бүрээр нь таньдаг түүнийг Бяцхан сод авьяастан ч гэж өргөмжилсөн билээ. Харахад бие жижиг ч бэлчээр нь хол явчихсан айхтар санаатай юмуудаа гэж хармаар. Түүний хэлж ярьж байгаа бүхэн нь яг том хүн шиг яриатай. Уг нь нас биед хүрээгүй хүүхэд юмсан. Гэвч томчууд хүүхдийн ааш занг эвдэж, хүүхдээр нь байлгасангүй гэх.
Нөгөө талаар төрийн "төмөр" шагнал үнэгүйджээ. Хэн дуртай нь МУСТА болон МУГЖ гэдэг цол тэмдгийг энгэртээ зүүлгэхэд их амархан болсон байна шүү. СТА цол анх мэргэжлийн уран бүтээлчдэд өгдөг, чанар шалгуур өндөртэй үнэ цэнэтэй байсан. Одоо бол нэг дуу дуулсан ч дуучин, тоглолтоо хийсэн зохиолын дуучдад өгдөг нутгийн зөвлөлийн шагнал болжээ. Уран бүтээлчээс халиад уран сайханчдад өгдөг болждээ, одоо бүр хүүхдийн шагнал болж. Шалгуур өндөртэй үед нь авсан СТА-нууд одоо хүүхдийн тэмдэг зүүдэг болж хувирлаа шүү. Угтаа бол төрийн шагнал үнэ цэнэтэй баймаар даа.
Дашрамд дуулгахад анхны тоглолтоо хийсэн Б.Бат-Энэрэл нэг хэсэгтээ уран бүтээлээсээ урт хугацааны чөлөө авч хөндийрч байгаагаа хэлсэн байдаг. Цаашид уран бүтээл хийх эсэхийг цаг хугацаа харуулах байхаа гэжээ.