| | USD/MNT 0₮

Монгол Улсыг саарал жагсаалтаас УИХ-ын дарга Г.Занданшатар аварсан уу

 
 
Сүүлийн хоёр өдөр л Монгол Улс саарал жагсаалтад орлоо, бүх юм сааралтлаа хэмээн шүүмжилж муу ёрлов. 
 
Мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн арга хэмжээ болох ФАТФ ээлжит хурлаар манай улсыг Саарал жагсаалтад оруулж байгаа талаар мэдээлэл  ирсэн. Гэхдээ албан ёсны мэдээллийг өнөөдөр Европийн цагаар орой хийнэ гэдгийг албаны эх сурвалж хэлж байсан. Орой ямар шийдвэр гарахыг Монголбанк шууд дамжуулах байх. 
 
Тэгвэл саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах гэж буй талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
 
Үүнд "Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ" хэмээн бичсэн байна.
 
“Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. 
 
Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байгаа тухай мөн бичээд УИХ-ын даргын аравдугаар сарын 7-нд ФАТФ-т илгээсэн захидлыг хавсаргажээ. 
 
 
 
 
Ийнхүү улсаа сааралтуулж, эдийн засаг болон хөрөнгө оруулалтыг царцаахгүйн тулд УИХ-ын дарга Г.Занданшатар яаралтай арга хэмжээ авч, улсаа аварч байна гэсэн мэдээлэл гарлаа. 
 
Саарал жагсаалтад орох эсэхийг эцэслэх энэ удаагийн хурлаар хэлэлцэх нэг асуудал нь Монгол Улсын тухай байгаа. Тодруулбал, санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцэгдэх бөгөөд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэхийг шийднэ. 
 
Одоогоор Парис хотноо тус байгуулагад хамтын ажиллагаатай орнууд , саарал жагсаалтад орох бусад орнууд болоод Монгол Улсад үнэлгээ хийж байна. 
АНУ, Австрали зэрэг орон манай улсыг саарал жагсаалтад оруулна гэдэг байр суурьтай байсан байна. 
 
Гэхдээ хамтын ажиллагаатай бусад орнууд мөн байр сууриа илэрхийлснээр эцэслэгдэх аж. Монголбанкны зүгээс манайх өмнө нь Австрали, Банконгт болсон APG-ийн шалгуураар 40 үзүүлэлтээс 35-ийг нь хангасан гэсэн үнэлгээ авсан. Энэ үнэлгээгээр бол саарал жагсаалтад орох ёсгүй гэдгээ илэрхийлсэн.
 
Саарал жагсаалтад орох шалтгаан юу байв  
 
Саарал жагсаалтад орсон шалтгаан арилжааны банкуудын активын асуудал байсан гэх. Саяхан ОУВС-аас арилжааны банкнуудын активыг нэмэгдүүлэх чиглэлээр удаа дараа шаардлага хүргүүлсэн. Үүний хүрээнд банкны активыг 700 тэрбумд нэмэгдүүлсэн юм билээ. 
Манай улс үүний 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан. Гэвч 500 тэрбумын эх үүсвэрийг нотолж чадаагүй. 
 
Терроризм, хар тамхитай тэмцэхэд чиглэсэн үндэсний зөвлөл гэж байдаг. Үүнийг УИХ-ын гишүүн Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг. Тэрбээр ФАТФ-ийн удаа дараагийн шаардлага, сануулгыг хангахад чиглэсэн бодит ажил огт хийж чадаагүй. Энэ нь биднийг саарал жагсаалтад орох хэмжээнд хүргэсэн гэдгийг зарим гишүүд хэлсэн. Тиймээс Монгол Улс яаралтай энэ жагсаалтаас гарах тал дээр анхаарах хэрэгтэй гэж үзэж дээрх арга хэмжээг авсан бололтой. 
 
Саарал жагсаалт гэж юу вэ 
 
Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай ойлголт. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, гарал үүслийг нь далдлахыг хэлдэг. 1989 онд “Их долоо”-гийн шийдвэрээр FATF буюу Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага байгуулагдсан бөгөөд нийт 35 гишүүн орон, 2 бүсийн байгууллага багтдаг. Монгол Улсын хувьд FATF-ийн гишүүн биш ч Ази, Номхон далайн бүсийн бүлгийн (APG) гишүүнээр 2004 онд элссэн юм.
 
FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай итгэлт түншид тооцогддог. Хэрэв зохих шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тодорхой хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгодог. Эс бөгөөс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орон гэж үзэн “хар”, “саарал” жагсаалтад оруулах арга хэмжээ авдаг.
 
О.Гал 
 
Саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах гэж буй талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.