| | USD/MNT 0₮
Эверестэд гурван удаа гарахдаа ноён оргилд нь хоёронтоо алтан соёмбот төрийн далбааг мандуулсан МУ-ын Гавьяат тамирчин, Уулын олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 407-р нээлттэй хаалттай ангийн үйлдвэрийн дарга Хурандаа Б.Цэвээндаштай бид ярилцлаа. Түүний нүд далайгаас гүнзгий, хүсэл тэмүүлэл нь уулсаас өндөр санагдана.
-Таныг Эверестэд гурван удаа гарч байсныг хүмүүс мэднэ. Та тэр үеийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-Эверест бол энэ гарагийн хамгийн өндөр оргил. Эверест бол өөр ертөнц гэж хэлж болно. Мэдээж эверестэд авирна гэдэг хувь хүнээс маш их тэсвэр тэвчээр, биеийн болон сэтгэл зүйн бэлтгэл маш их шаарддаг. 2012 оны 4-р сарын 1-нд манай баг 5 хүний бүрэлдэхүүнтэй явж байсан. Бид эверестэд хоёр сар болсон. Надаас бусад нь олон жил ууланд явсан туршлагатай уулчид байв. Миний хувьд ууланд авирч байгаагүй ба анх удаа эверестэд гарсан. Энэ нь их онцлог байв. Биднээс гадна 2012 онд 300 гаруй уулчин Эверестэд авирсан ба 11 хүн нас барсан харамсалтай болсон. Маш хүйтэн жил байсан. 2012 оны тавдугаар сарын 19-ний өдөр төрийн алтан соёмбот далбааг мандуулж байсан агшин болсон. Тэр их оргилд гарчхаад гүнзгий амьсгал авахад нулимс дуслуулсан даа.
“Нэг л буруу алхам хийвэл үхэл ойрхон явж байдаг”
-Непал улсад 2015 онд газар хөдлөлтөөс болж мянга мянган хүн амь эрсэдсэн. Энэ үед та Эверестэд авирч байсан гэсэн. Тэр үеийн нөхцөл байдлын талаар дурдаж болох уу?
-Тийм. Тэр үед авирч байхдаа оргилд нь гараагүй ба бүтэлгүйтсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон доо. Маш хүчтэй буюу 6,8 балл газар хөдлөлт болсон юм. Олон хүмүүс нас барж, орон гэргүй болсон. Сүүлийн 100 жилд тохиолдоогүй тийм хүчтэй газар хөдлөлт болсон гэж мэдээлж байлаа. Тэр жил Эверестэд ямар ч авиралт болоогүй. Би Түвдийн хойд талаас авирч байсан. Түвд, Хятадын засгийн газраас бүх авиралтыг цуцлаад замаасаа буцсан юм.
- Тэр үед танд газар хөдлөлт мэдэрч байхдаа ямар мэдрэмж төрж байсан бэ? Мэдээж айсан л байхдаа?
- Суурин, нам дор газраас ууланд газар хөдөлнө гэдэг их өөр. Тэр өндөр уулын оргилын сүр хүч, цас мөс, нурна гэдэг айхтар шүү дээ. Дэлбэрч байгаа юм шиг л дуу чимээ гарна. Газар найгаад л. Маш хүчтэй цас хуйлраад л орж ирнэ. Гурван удаа ойрхон газар хөдлөлт болсон. Хүмүүс хорогдох байранд байрлаж амь насаа аврахаар эрэлхийлж байлаа. Тэр үед би шууд майхан руу гүйж очоод зургийн аппаратаа авч тэр агшныг бичиж амжсан. Надад бол одоо хэнд ч үзүүлээгүй маш олон бичлэг байгаа. Эверест ууланд авирна гэдэг их сонин. Ямар ч үзэгчгүй, өрсөлдөгчгүй, эмч, шүүгчгүй, хөгжөөн дэмжигч үгүй өөртэйгөө л өрсөлддөг юм. Өгсөж бас урууддаг уул, амьдрал хоёр хороондоо адилхан шүү дээ. Тэр байгалийн хатуу ширүүн цасан шуурга, хүйтэн, өндөрлөг газарт хүчил төрөгчийн дутагдалд ороод тэнд хүн өөрийгөө ялдаг юм билээ. Тийм л спорт. Нэг л буруу алхам хийвэл үхэл ойрхон явж байдаг.
-Та анх яагаад уулын спортыг сонгон хичээллэх болсон бэ?
-. Би 1997 онд ээжтэйгээ утаа гүмбэн, бурхны орнуудаар явж байсан. Далай багш, есдүгээр богдтой уулзаж байлаа. Нэг шөнө, хоёр өдөр зам хаагдаад уулын оройгоор ээжийгээ гинжилчихсэн явсан юм. Энэ үеэр Хималайн уулсын оройд өглөө нар мандах нь маш гоё харагдсан. Тэр л миний сэтгэл зүрхэнд үлдсэн юм болов уу даа. Нуугаад яах вэ би нэлээн уудаг хүн байлаа. Ээжийгээ их зовоосон. Тэгээд л ээж минь намайг архинаас гаргахаар бурхны орноор хамт явж байв.
“Хүн ер нь сэтгэлийн амьтан юм билээ”
- Муу зуршлаа яаж ялан дийлсэн түүхийг манай уншигчидтай дэлгэрэнгүй хуваалцаж болох уу?
- Би архийг 10 дугаар ангиас хойш хэрэглэсэн. Харин тамхийг бүр жоохноосоо хэрэглэж эхэлсэн. Ээж минь намайг архинаас гаргах гэж олон газраар явсан. Спираль хүртэл тавиулж байлаа. Аль нь ч үр дүнд хүрээгүй. Лам хуварга гээд олон хүн дээр очиж байлаа. Аль нь ч гаргаж чадаагүй. Нэг өдөр ээжийгээ хараад өрөвдсөн. Тэгээд л гарахаар шийдсэн юм. Шөнөжин ууж байгаад ирэхэд ээж минь намайг хүлээж хоолоо ширгэтэл халаачихна. Орцны хаалга дугарахад цочтол сэрнэ. Тохойгоо дэрлээд ширээн дээр унтаж байдаг байсан. Хараад өрөвдөөд арай л их зовоочихлоо гээд гарсан. Яг л өөрөөрөө л гарсан даа. Сахилга баттай байж чадсан. Хүн ер нь сэтгэлийн амьтан юм билээ.
- Хүн бүрд эцэг, эх, гэр бүл гэдэг сэтгэл зүрхний томоохон зайг эзэлдэг үнэтэй хүмүүс байдаг. Та ижийнхээ талаар манай уншигчдад танилцуулж болох уу?
- Ижий минь эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан. Багш, эмч хүн байгаа. Маш олон хүүхдүүдийг эх барьж авсан. Анагаахын шинжлэх ухааны сургуульд олон жил багшилж байлаа. “Хөдөлмөр хийж, хүнийг хүндэлж бай, эвтэй бай” гэж үр хүүхдүүддээ дандаа захидаг байв. Ээж минь хүүхдүүддээ зориулж “Хайраас минь ургасан үрс” нэртэй дуу зохиож байсан. Энэ дуунд ээжийн бүх захиас явж байдаг. Мөн бидэнд зориулж ном бичсэн. Тэр нь хэдэн ширхэг хэвлэгдсэн гээч. Тавхан ширхэг. Таван хүүдээ нэг нэгийг бэлэглэж байв. Хөөрхөн. Ээж минь одоог хүртэл суралцсан хэвээрээ байгаа. Англи хэл сураад Лиса гэдэг гадаад найзтайгаа захиагаар харилцаад л байж байдаг. /Инээв/ Миний шүтэж явдаг хүн дээ.
“Нарны алтан цацраг шиг тэврэм үнсэм хөвгүүд минь Наснаас минь зүрхнээс минь ургасан тэнгэрийн заяатай үр минь ээ Атгасан гар шиг эвтэй яваарай Дэлгэсэн хадга шиг буянтай яваарай”
/Дууны дөрвөн мөртөөс/
-Таны ярилцлагуудыг уншихад ихэвчлэн спортын талаар мэдээлэл байсан. Энэ удаад таны хувь хүний үзэл бодол, амьдралын тань талаар уншигчдадаа сонирхуулмаар санагдлаа.
- Нээрээ тийм шүү ихэвчлэн спортын талаар дурдсан байдаг. Би чинь айлын зургаан эрэгтэй хүүхдийн тав дах хүү нь юм. Ах минь өөд болсон. Ижий минь охингүй болохоор би их гэр цэвэрлэж, хувцас угааж, ээждээ аар шаар зүйлд туслах гэж хичээдэг байлаа. Манайх Дархан уул аймагт өссөн. Хүүхэд байхдаа ойр хавийн уулаар хөөцөлдөж, гүйж, тоглоно. Багаасаа л цэрэг, цагдаагийн хүн болно гэж мөрөөддөг байв.
- Ажил гэдэг хүний амьдралын томоохон хэсэг.Та Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар ажиллаад 10 жил болж байгаа гэлээ. Энэ талаар ярьж болох уу?
-Би чинь1990 оны цагдаа шүү дээ. Анх 1987 онд цэргийн алба хаасан. Ер нь эрэгтэй хүүхэд бүр багадаа цэрэг, цагдаа болж тоглодог байсан шүү дээ. Хулгайч болох дургүй, би цагдаа гээд л. /Инээв/ Үүний адилаар цэрэг цагдаа, болно гэж мөрөөдөлтэй байсан. Надад нэг сайхан завшаан тохиогоод 2015 онд ажлын санал ирсэн. Тэр нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын Сүлд бие тамир спортын хороонд менежер буюу дэд даргаар ажиллах санал ирж байв. Тэгээд надад их гоё санагдаад өргөдлөө өгөөд орж байлаа. Өнөөдрийг хүртэл сайхан явж байна. Үнэхээр би их азтай. Энэ байгууллагатаа их баярлаж явдаг.
-Монголд байдаг ганц эмэгтэйчүүдийн хориход та ажилладаг. Тэнд байгаа эмэгтэйчүүдийн нүднээс юу харагддаг бол?
-Ер нь алдаггүй хүн гэж байдаггүй. Зарим нь санаандгүй гэмт хэрэг хийсэн тохиолдол байдаг. Эмэгтэй хүн гэдэг өөрөө их сонин амьтан. Эмзэг, турьхан хэр нь яаж тэр их зовлонг даагаад юм гэмээр гайхмаар хүчтэй. Нэг шийдэхээрээ эргэж буцдаггүй. Гэр бүлийн хүчирхийллээс болоод нөхрийнхөө амийг хөнөөсөн тохиолдлууд цөөнгүй байдаг нь харамсалтай. Эрэгтэй хүмүүс ийм газар орохоороо бараг бахдаж ярьдаг шүү дээ. Харин эмэгтэйчүүд тас нуудаг. Гол нь алдаа гаргасан хүнийг түлхэлгүй нийгмээрээ дэмжээд явах нь чухал даа.
- Тэгэхээр эмэгтэй хүн, эрэгтэй хүний ялгаа таны бодлоор юунд байна вэ?
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд маш том ялгаа байдаг гэж боддог. Ер нь эмэгтэй хүнийг байгалиасаа мундаг хүмүүс байдаг болов уу. Байгальд үр удмаа үлдээж, өсгөхийн тулд тэсвэр тэвчээртэй, амьдралын арга ухаан ихтэй санагддаг. Би яагаад тэгж бодох болсон гэхээр саяхан манай нохой төрсөн юм. 13 гөлөг төрүүлснээс 10 нь эр 3 нь охин гөлөг байсан. Гадаа их хүйтэрснээс болоод цаг уурын нөхцөл байдлаа давж чадахгүй 10 гөлөг үхсэн юм. Тэгэхэд амьд үлдсэн гөлөгнүүдийн хоёр нь эм, нэг нь эр хүйстэй байлаа. Үүнээс харахад л аргагүй хүчтэй шүү дээ.
“Би пүүзээ өмсөөд, үдээсээ үдээд л гүйсэн”
- Муу зуршлыг даван туулахад спорт чухал үүрэг гүйцэтгэдэг болов уу?
-Тийм шүү. Би ээж, охиндоо амлаад пүүзээ өмсөөд, үдээсээ үдээд л гүйсэн. Эхлээд зорилгогүй гүйсэн. Миний замд маш олон саад бэрхшээл тохиолдсон ч зорилгодоо хүрэхийн тулд бартааг даван туулаад, нэг ч өдөр зогсолгүй, амралгүй 7 шөнө 8 өдөр бүтэн марафон гүйсэн. Үүний үр дүнд Монгол улсын хойд хилийн 652 дугаар багана хүртэл 373 км замыг туулсан юм. Дэлхийд гүйгч нар маш их байдаг. Энэ хүмүүс Монгол руу чиглэн ирэх ёстой. Энэ өвлийн цав цагаан цас, онгон дагшин байгалийг харж, уур савсаж, эд эс сэргэм сайхан талд ирж гүйж үзээсэй гэж боддог. Энэ бол дэлхийн спорт сонирхогчдыг эх орон лугаа чиглүүлэх үйлдлийн минь нэгээхэн хэсэг юм даа. Гүйлт бол бүх спортын үндэс учир хүний эрүүл мэндэд их тустай. Сэтгэл санаа чинь таагүй, амьдрал чинь утгагүй, зогсонги санагдах үед зүгээр л гараад гүйгээрэй.
Амьдралд алдаж яваа, итгэл найдвараа алдсан хүмүүст энэ ярилцлага их тус болох байхдаа. Маш их баярлалаа танд.
Сэтгүүлч: А.Булганчимэг