| | USD/MNT 0₮

Австрали улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна

Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "БНХАУ-ын Ухань хотод анх гарсан шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдвараар 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 10.00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт 93095 (+2203) тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 50819 (+2850), нас барсан 3202 (+85) хүн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас авна уу.

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр Австрали дахь коронавирусаар халдварласан хүний тоо 2020 оны хоёрдугаар сарын 27-ноос хойш эрс нэмэгдэж, гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар тус улсад уг вирусээр өвчилсөн 33 тохиолдол бүртгэгдсэн. Бусад хэвлэлээр 40 хүрсэн мэдээ байна. Ялангуяа, Шинэ Өмнөд Уэльс мужид халдварын тархац нэмэгдэж, гадаад улсад зорчоогүй хүнд халдварласан тохиолдол гарчээ.

Иймд Австрали Улсад сурч, ажиллан амьдарч буй монгол иргэд COVID-19-ийн халдвараас сэргийлэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжид анхаарал хандуулж, дор дороо сэрэмжтэй байхыг хүсье. Үүнд:

1. Гараа тогтмол сайтар савандаж угаах, ариутгах;
2. Амны хаалт зүүх;
3. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
5. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх зэрэг болно.

Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэгт анхаарлаа хандуулж, дагаж мөрдөхийг зөвлөж байна" гэсэн байна.

Австрали улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.