| | USD/MNT 0₮

МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ААВ С.ШААРИЙБУУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Австралийн Канберра хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ  Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон-той уулзаж, энэ хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар Малайзын парламенттай хамтран ажиллах санал тавьсан билээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ноён Дато Мохд Рашид Хаснон-той зориуд уулзаж энэ асуудлыг хөндөж ярилцсан. Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан Ажлын хэсэг байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллах санал тавьсныг тэрбээр хүлээж авсан. Гэхдээ Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болж, өмнөх үеийн удирдагчдын хууль бус үйлдлүүд, ээдрээтэй асуудлыг ил гаргаж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ амаргүй, ээдрээтэй хэрэг тул тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэж байсан.

Улсын Их Хурал бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн болон түүний аав ээж, үр хүүхэд, хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг үүргээ гэж үзэж байна. Тиймээс УИХ болон холбогдох Байнгын хороод, Ж.Мөнхбат нарын зэрэг гишүүд Ажлын хэсэг байгуулах, тодорхой шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байна. Үүнд хохирогчдын санал бодол чухал байх болно. Тиймээс таныг урьж уулзаж байна гэлээ.

 Иргэн С.Шаарийбуу:

-Хэрэг гараад 14 жил болж байна. Нэгэнт үйлдэгчид нь ил болсон энэ хэрэгт хэн захиалагч байсан бэ гэдгийг тодруулах шаардлагыг миний зүгээс Малайзын талд тавьдаг. Гүйцэтгэгчид бусдын даалгавраар хэргийг үйлдсэнээ хүлээсэн. Малайзад сөрөг хүчин Засгийн эрхэнд гарч, өмнөх удирдагчдын олон бусармаг үйлдлийг илчилж байгаагийн дотор охины минь амийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгахаар болсон. Гэхдээ үйл явц удаашралтай, төвөг саад ихтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Таны зүгээс энэ асуудалд онцгой анхаарал тавьж буйд бид баяртай байна. Охины минь амь нас хөнөөгдсөний дараа Монголын талаас хамгийн анх намайг хүлээж авч уулзсан хүн бол тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Та билээ. Миний санал хүсэлтэд маш шуурхай хандаж, Малайзын талд Гадаад харилцааны яамны шугамаар албан ёсоор асуудал тавьж байсан. Одоо ч гэсэн энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө хичээж яваад чинь талархал илэрхийлье гэлээ.

Тэрбээр энэ хэргийн нарийн ширийнийг сайн мэдэх, хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэсэн өмгөөлөгч, хуульчдын санал дүгнэлтийг УИХ-аас байгуулагдах ажлын хэсэг, гарах шийдвэрт тусгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.