| | USD/MNT 0₮

ЦУВРАЛ-9:ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ

Газар нутгийнхаа хэмжээгээр хамгийн томд ордог Өмнөговь аймаг энэ жил дөрвөн мандаттай сонгуульд оролцоно.

Өнгөрсөн 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж Н.Амарзаяа, Л.Энхболд хоёр их хуралд дөрвөн жил өмнөговьчуудыг төлөөлж сууна.

Харин энэ жил тус аймагт нэр дэвших хүмүүсийн нэрс эхнээсээ тодорсон байна. Тодруулбал, МАН-аас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр нарын нэг нь өрсөлдөхөөр бэлтгэж буй.Харин Л.Энхболдын хувьд нэр дэвших байх. Гэхдээ тэрбээр  “ЖДҮ” гэх асуудалтай байгаа ч бэлтгэлээ базааж буй.

Ардчилсан намаас тус аймагт нэр дэвших “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайхан нарын нэр дуулдаж, таамаг дэвшүүлж эхэлжээ.

Намаасаа дахин нэр дэвшинэ гэдгээ хэлсэн гишүүн Н.Амарзаяагийн хувьд нутгийнхан нь дахин сонгож магадгүй. Түүний хувьд багш мэргэжилтэй бөгөөд 1999-2002 Төвийн 1, 3-р 10 жилд физик математикийн багш, 2002-2004 Аймгийн татварын хэлтэс ТУБ, нягтлан бодогч, 2004-2005 Аймгийн Засаг даргын Тамгын газарт санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, 2009-2013 Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2013-2015 Аймгийн намын хорооны дарга, 2015-2016 “Бонсай” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон намтартай.

МСНЭ хэмээх том айлыг толгойлж яваа Х.Мандахбаяр нэр дэвшинэ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх том айлын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр жил болж байгаа Х.Мандахбаяр төрсөн нутагтаа нэр дэвших бэлтгэл ажлаа аль эрт эхлүүлсэн сурагтай. 2002 онд Хан-Уул дээд сургуулийг Эдийн засагч, Хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн тэрбээр Бизнесийн удирдлагын магистр цолтой. Сэтгүүл зүйн магистрант. Сэтгүүл зүйн салбарт 23 дахь жилдээ ажиллаж яваа нэгэн.

Анх сэтгүүлчийн ажлын гараагаа 1998 онд “Хувийн амьдрал” сонинд гэрээт сэтгүүлчээр эхлүүлж байсан тэрбээр өнөөдөр хэвлэлийн салбарт хүрээгээ тэлсэн олон сонин сайтын эзэн буюу хувь эзэмшигч, цаашлаад "Эрхэт Монгол" ХХК-ийг, "Бест Принтинг" ХХК, "Бест Компьютерс" ХХК-ийг үүсгэн байгуулсан.

"Эрхэт Монгол" ХХК-ийг хэвлэл мэдээлэл, шуудан харилцаа, үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 охин компанитай, 470 гаруй ажилтантай Бизнесийн Групп болгон өргөжүүлж, хэвлэл мэдээллийн салбарт амжилттай яваа нэгэн. Ийнхүү Х.Мандахбаяр нь хэвлэл мэдээллийн салбараас их хуралд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй.

“Ждү”-гийн хэрэгт нэр холбогдсон Л.Энхболд нэр дэвших үү

МАН-аас нэр дэвшиж их хуралд сонгогдсон Л.Энхболдын хувьд “ЖДҮ”-гийн хэрэгт нэр холбогдсон байгаа. Намаас нь ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгийг намын дарга нь мэдэгдсэн удаатай.

Тэгэхээр Л.Энхболдод боломж бараг байхгүй болов уу. Гэвч тэрбээр нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд 2002-2005 онд “Ди Энд Эл групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал, 2004 оноос “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж, тэргүүлэгчээр, 2005-2007 онд “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, 2007 онд “JCI Capital”-ийн ерөнхийлөгч, 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ нэр дэвшинэ

АН-аас Монгол Улсын манлай уяач “Ажнай” Д.Бат-Эрдэнийг нэр дэвшинэ гэсэн яриа байна. Түүний хувьд 2004-2008 онд УИХ-д сууж байсан. Тэрбээр 1990 оноос “Ажнай”  корпорацын ерөнхийлөгч, 2009 оноос “Монгол 999 үндэсний нэгдэл" -ийн ТУЗ-ийн дарга 2005 оноос “Тэмээ хамгаалах сан”-гийн ерөнхийлөгч 1999 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны хүндэт ерөнхийлөгч 1996 оноос “Вундеркинд” сангийн ерөнхийлөгч 1995 оноос Монголын хүүхдийн мэс заслын эмч нарын холбооны ерөнхийлөгч хийж байсан. 2014 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдож байсан.

Түүний хувьд нэр цэвэр нэгэн биш. Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн өмчлөгч ИТХ-ын дарга Х.Сугир нь Д.Бат-Эрдэнэтэй холбоотой ноцтой баримтыг дэлгэж байсан. Тодруулбал, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг тэрбумаар зогсохгүй их наядаас их төгрөгөөр бууруулж, цөөхөн хэдэн хүн хуйвалдан завшсан тухай төрийн байгууллагуудын хийсэн шалгалтаар илэрч байсныг мэдээлж байсан билээ.  

Сайд асан Ц.Баярсайхан нэр дэвших үү

Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайханыг нэр дэвшинэ гэсэн таамаг байна. Тэрбээр 1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн, 1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1990-1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч, 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан.

Ц.Баярсайхан 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн тэрбээр 2004-2008, 2008-2012 онд УИХын гишүүнээр сонгогдож улмаар 2004-2006 онд Монгол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байсан төдийгүй УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон улс төрч юм. 2012 -2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажилласан юм.

 

Дөрвөн мандаттай Өмнөговь аймагт хэн хэн нэр дэвших вэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.