ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Улсын онцгой комиссийн шийдвэрээр өнөөдөр өглөөний 06.00 цагаас Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг нээсэн тул шалган нэвтрүүлэх товчоод ачаалал ихтэй байна. Иргэдийн хувьд өнөө өглөө товчоо нээнэ гэсэн мэдээллээр өчигдөр орон нутгаас гарч, нийслэлийн шалган нэвтрүүлэх цэг дээр оочерлож хоносон гэх мэдээлэл ч байна.
Харин бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваасан байна.
Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт, урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт, баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт, хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт, Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.
Харин нийслэл рүү орж ирж байгаа иргэдийн халууныг хэмжиж, асуумж асуун нэвтрүүлж байгаа учраас ачаалал их байгаа талаар албаныхан хэлэв.
Тээврийн цагдаагийн албаны эх сурвалжийн хэлж буйгаар орон нутгаас 40 мянга гаруй иргэн, 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл орж ирнэ гэсэн тооцоолол байна.
Дашрамд дуулгахад цаашид хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хийнэ. Нийслэлд орон нутгийн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл байна.
Улсын онцгой комиссийн шийдвэрээр өнөөдөр өглөөний 06.00 цагаас Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг нээсэн тул шалган нэвтрүүлэх товчоод ачаалал ихтэй байна.