| | USD/MNT 0₮

Б.ГАНХУЯГ:БИД ЭРСДЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨР ЭНЭ ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДАВААД ГАРНА

“Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Иргэд маань мэдээлэл муу байна. 1072 хувьцаагаа ч мэдэхгүй байна. Жишээ нь өнөөдрийн байдлаар 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. Бусад иргэнд мэдээлэл байхгүй байна. Олон асуултууд манай компанид ирж байна” гэлээ.

Мөн түүнчлэн компанийн үйл ажиллагаа руу хандаж гүтгэж гүжирдсэн мэдээлэлд тэрбээр тайлбар хийлээ.

“Өнөөдрийн байдлаар ЭТТ компани нэгдүгээр сарын нэгнээс хойш нийт 1.6 сая тонн нүүрс Цагаан хадан дээр болон бусад газар руу экспортолсон. Экспортын үйл ажиллагаагаа нэгдүгээр сарын 24-ныг хүртэл тасралтгүй явуулсан. БНХАУ-ын АИХ тухайн жилийн квотоо тогтоох, төлөвлөгөөгөө батлах хурлаа гуравдугаар сард хийдэг. Үүнээс өмнө квот тогтоогдоогүй байдаг тул нэгдүгээр сард жилийн жилд нүүрсний экспорт бага байдаг. Хоёрдугаар сараас өсч эхэлдэг. Энэ өсөлт тодорхой хэмжээнд буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөө тасраад, компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмжээнд хүрээгүй байна. Гуравдугаар сарын 02-н хүртэл ямар нэгэн санхүүгийн эрсдэл очно гэж хэлсэн. Үүнээс хойш төлөвлөгөө тасалдах эрсдэл үүсч байна. 

Манай Зүүн цанхиас 580 мянган тонн нүүрс Цагаан хадан дээр буюу давхар экспортолсон.Баруун цанхиас 1.1 сая орчим тонн нүүрс Цагаан хаданд буулгасан. Зарим хэсгийг нь экспортолсон. Тэгэхээр нэгдүгээр болон хоёрдугаар сарын эрсдэл багатай давлаа.

Үүнийгээ дагаад экспортын орлого тасалдах, борлуулалтын орлого буурах, үр ашгийн хэмжээ багасах төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаа эрчимтэй явуулах боломж хомсдож байна. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл, Монгол Улсаас гадна дэлхийд бий боллоо. Компанийн эхний бодлого бол үндэсний эрх ашиг, монгол хүний эрүүл мэнд. Иймээс бид эрсдэлийн төлөвлөгөөгөөрөө нөхцөл байдлыг даваад гарах бүрэн боломжтой.

Компанийг өргүй болгосон, хөл дээр нь босгосон шигээ хөгжлийн зам руу нь ямар нэгэн саадгүй хөтлөөд явна. Үүн дээр Эрдэнэс Тавантолгойн менежментийн багт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

Хэрвээ гуравдугаар сарын 15-наас хойш экспорт эхлэхгүй бол эрсдэл үүснэ. Гэхдээ УОК-иос бидэнд экспортыг өндөржүүлсэн бэлэн байдалд эхлүүл гэсэн чиглэл өгсөн. Тээврийн жолооч нар ажилдаа орно. Ариун цэврийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бэлтгэл ажлаа хангасан. Хил давахдаа зөвхөн машины цонхоороо бичиг баримтаа өгнө. Тэгээд машинаасаа буухгүй яваад буцаж ирэх богино эргэлтийг хийнэ.

Гуравдугаарт компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тараагдсан. Хорио тавигдснаас хойш гүйцэтгэх захирал, дэд захирлуудаас хэн ч Өмнөговь аймагт очоогүй. Миний хувьд өөрийн эзэмшлийн портер машин байхгүй, бэлэн мөнгөгүй. Та бүхэнтэй адилхан өр төлбөртэй, лизин төлөөд явж байна. Тийм учраас илүү харах шаардлага байхгүй. Өнөөдрийг хүртэл ЭТТ компанитай холбоотой хуулийг зөрчлүүлэхгүй. Хулгай хол байна. Уурхайчтайгаа хамт сэтгэл зүрхээ зориулж ирсэн юм шүү.

Дахин хэлэхэд “Надад улс төр болон албан тушаал хөөцөлдөөд байгаа зүйл байхгүй. Эхлүүлсэн төслөө босгохын төлөө явсан хөл дээр нь босгосон одоо хөгжил рүү хөтөлнө.

Хорио дэглэм тогтоосноос хойш би хаашаа ч гараагүй, гэртээ байна. Ажил дээрээ ажлаа хийж байна. Компаниас нэг минут ч холдоогүй. Тагнуулын ерөнхий газраас холбогдох зүйлсийг тодруулсан, тийм зүйл байхгүй юм билээ.

Тиймээс нэр төрд халдсан хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна. Чагаад гэвэл нийгэмд хор уршигтай мэдээлэл тараасан. Тэгэхээр хариуцлага тооцно” гэв.

1 САЯ 854 МЯНГАН ИРГЭН ХУВЬЦААНЫ ДАНСАА НЭЭЛГЭСЭН БАЙНА

 ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгальмаа “СЗХ-ны 2020 оны нэгдүгээр сард тогтоол гаргасан байгаа. Үүнтэй холбогдуулан жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тогтоол болсон. “Эрдэнэс тавантолгой” компани 2019 оны ногдол ашгаа тараахаар нийтэд зарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1 сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Дансаа нээлгээгүй иргэд онлайнаар болон үнэт цааны компани дээр очиж, нээлгэж болно. Иргэд маань хувьцааны дансаа давхар нээлгэж байгаа тул хамгийн эхэнд данстай эсэхээ шалгахыг зөвлөж байна.

Манай компанийн сайтаар орж шалгах боломжтой. Үүн дээр өөрийнхөө регистрийн дугаараа оруулж шалгана. Мөн 158989 дугаар өөрийн регистрийн дугаарыг латин үсгээр оруулахад мэдээлэл нь гарч ирнэ.

Хэрвээ та ногдол ашгаа авах гэж байгаа бол бүртгүүлсэн үнэт цаасны компани дээрээ очиж, ямар арилжааны банкны харилцах дансаа баталгаажуулах ёстой. Үүгээр ногдол ашгийг баталгаажуулсан данс руу хийнэ. Хэрвээ та давхар өөр компанийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компанийн ногдол ашиг тэрхүү харилцах данс руу нь орно. Хэрвээ харилцагч арилжааны банкаа эсвэл харилцах дансаа өөрчилбөл тухайн үнэт цаасны компани дээр очиж, шинэ дансаа баталгаажуулна” гэв.

НАС БАРСАН ХҮНИЙ ХУВЬЦААГ ӨВЛӨЖ БОЛОН БЭЛЭГЛЭЖ АВЧ БОЛНО

Менежир Э.Баатарцогтоос иргэдийн түгээмэл асуусдаг асуултанд хариулт авлаа.

-Иргэд “миний хувьцааны тоо ширхэг хэд байна вэ гэж их асуугаад байна. Үүнийгээ яаж шалгах вэ?

-Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТГ нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг дамжуулан иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэнэ. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, ЭТТ компанитай холбогдох санал асуулгад оролцох боломжтой болох юм.

-Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу?

-ЭТТ компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа СЗХ-ны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь өвлөх дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг бүрдүүлэн өвлөн авна.

-Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ?

-1068 ш хувьцаатай бол 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьдаа хасагдсан. 964 ш хувьцаатай бол Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100, 142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан. 857 ш хувьцаатай бол Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200, 284 төгрөг авсан бөгөөд 215 ш хувьцаа хасагдсан.

527 ш хувьцаатай бол 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хүртсэн.

544 ш хувьцаатай бол 2012 онд сургалтын төлбөрт хасагдсан. Мөн 536 ш хувьцаатай бол 2011-2012 оны хооронд нас барсан Монгол Улсын харьяатаас гарсан иргэдэд хамаарна.

-Ногдол ашиг хэзээ хэдэн төгрөг өгөх вэ?

-Ногдол ашгийг 2020 оны тавдугаар сарын 01-нээс холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн олгоно. Ногдол аүгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг орж эхэлнэ.

-Дансаа хаана яаж нээлгэх ёстой вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой. Одоогоор 11 брокерийн компани онлайнаар дансаа нээж байна.

 

ШУУД ҮЗЭХ:

Хэрвээ гуравдугаар сарын 15-наас хойш экспорт эхлэхгүй бол эрсдэл үүснэ. Гэхдээ УОК-иос бидэнд экспортыг өндөржүүлсэн бэлэн байдалд эхлүүл гэсэн чиглэл өгсөн. Тээврийн жолооч нар ажилдаа орно. Ариун цэврийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бэлтгэл ажлаа хангасан.
Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.