| | USD/MNT 0₮

Д.Совд:Миний дүүгийн амь насыг "Хүннү-Эйр" компани хариуцана шүү

 
 
"Хүннү Эйр” ХХК-ийн техникийн ажилтан энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унаж, хүнд гэмтэл авсан хэрэг гарчээ. 
 
Тодруулбал, тус компанийн онгоцыг хучиж байсан механикч 23 настай О.Мэргэншагай онгоцны далавчнаас унаж тархиндаа хүнд гэмтэл авсан байна.
 
Ослын улмаас хохирогч ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэн, улмаар тархиндаа хагалгаа хийлгэж, аппаратанд орсон талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм. 
 
О.Мэргэншагайгийн ах Д.Совд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний дүү ухаангүй хэвээрээ байна. 72 цаг ухаангүй байна. Хэрвээ үхчихвэл хэн амийг нь төлөх юм бэ. Настай аав ээж хоёр нь ирчихсэн "Хүүгээ ухаан орно. Сэргэнэ" гэж бодоод гарыг нь тэврээд хоёр талд нь сууж байна. 
 
Төрийн байгууллагууд хүний амийг юман чинээ тоохгүй, анзаарахгүй дуугарахгүй байгаад эгдүүцэж байна. 
 
Хүүхэд өндрөөс унасан ухаангүй байхад яаралтай түргэн тусламж 103 дуудах ёстой. Энийг хэн ч мэднэ. Гэтэл яагаад миний дүүд 103 дуудаж өгөөгүй юм бэ. Яагаад чирээд автобусанд чихээд нисэхийн эмч рүү зөөж байгаа юм. Энэ бүх мэдээллийг дээрээс нь нууж, цагдаагийн байгууллага хэргийг хаах гэж оролдож байна. Тийм чиглэлийг хэн өгсөн юм бэ. Осол гарахад нөхдүүд ямар арга хэмжээ авсныг хар ухаанаар хардаж байна. 
 
Одоогийн байдлаар дүүгийн биеийн байдал хүндхэн, ухаан ороогүй. Анхны онош нь гавлын ясны цууралт хугарал, баруунаас зүүн хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж, баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан, харвалттай. Хамгийн гол нь талбай дээрх зурвасын хяналтын камерын бичлэгийг харуулсан. Бүх явдал автобус дотор болсон байна. Эмч очихоос өмнө хоёр ажилтан автобус руу дур мэдэн зөөгөөд нисэх буудлын гадна аваачиж эмч, цагдаа хоёр хамт байсан байна. Ингээд зөрүүтэй мэдээлэл өгч байна.
 
Ямар ч арга хэмжээг төрийн байгууллагууд яаралтай хийхгүй байгаад аргаа барав. Эмч нар авах ёстой арга хэмжээг авч байна. Ингэснээр тодорхой түвшиний өөрчлөлт гарсан. 
Монгол Улс иргэнээ бодох ёстой. Өнөөдөр ажлаа хийж яваад унаж бэртэл гэмтэл аваад ухаангүй байгаа дүүг минь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сарангэрэл сайд нар очиж үзээч хараач. Нөхцөл байдлыг нь харуулаач. Ах дүү бид нарт үнэхээр хэцүү байгааг ойлгож байна уу.
 
Зарим хүмүүс хүн чанараа алджээ. Миний дүүгийн зовлонгоор тоглож байна. Төрийн байгууллага хүний амийг юман чинээ бодож тоохгүй байна. Болсон ослын талаар "Хүннү-Эйр" компанийнхан ерөөсөө мэдээлэл хийгээгүй. Нисэхийн салбар ямар байгааг энэ үйлдлээс харж болно. Нисэхийн аюулгүй байдал дүрмээ чанд баримталж ажилласан бол өнөөдөр ийм юм болохгүй байх байлаа. Гэтэл одоо арьсаа хамгаалаад байна. Ослыг дуун дарагдуулж, дүүг минь буруутгаж байгаад гомдолтой байна" гэв.
 
Хохирогч Ж.Отгонбаатар овогтой О.Мэргэншагай 23 настай. Өнгөрсөн 2018 онд ШУТИС-ийг төгсөөд есдүгээр сард "Хүннү-Эйр" компанид ажилд оржээ. 
 
"Хүннү-Эйр" компанийн Нислэгийн аюулгүй байдал хариуцсан захирал Д.Батпүрэв "аравдугаар сарын 14-ны оройн 23.00 цагийн орчимд дээрх осол болсон. Онгоц нислэгээс буух үед нислэгийн дараах буюу зогсолт хангах үйлчилгээ хийдэг. Өвлийн нөхцөлд маргаашийн нислэгийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцыг бүтээж хучдаг. Тухайн өдөр энэ ажлыг хийж байсан механикч О.Мэргэншагай бүтээлгээ хучиж дуусчихаад онгоцны сүүл хэсгээс буухдаа халтирч унаж гэмтсэн.
 
Бид мэдээллийг тэр дор нь нислэг хяналт үйлчилгээ зохицуулах төвд мэдэгдэж түргэн тусламж дуудсан. Хамт ажиллаж байсан залуусын хэлснээр О.Мэргэншагайг унасны дараа гар хөлөө хугалаад гэмтсэн байж магадгүй гээд дараа өдрийн нислэгт хэрэглэхээр бэлдсэн байсан эмнэлэгийн дамнуургыг ашиглаж нисэх буудлын жижүүрийн эмч рүү зөөсөн байгаа юм.
 
Ингээд жижүүрийн эмч үзлэг хийгээд ямар нэгэн гаднын гэмтэл байхгүй учраас түргэн тусламжийн эмчид яаралтай үзүүл гэсэн. Дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Компанийн зүгээс бололцоотой бүх зүйлээр тусална" гэлээ. 
 
О.Гал 
 
"Хүннү Эйр” ХХК-ийн техникийн ажилтан энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унаж, хүнд гэмтэл авсан хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.