| | USD/MNT 0₮

Д.Мөрөн:Манай улсад 16 улсын 1927 иргэн цагаачлан амьдарч байна

 
Гадаадын иргэн харьяатын газраас энэ оны эхний 10 сарын байдлаар хийсэн ажил, гадаадын иргэдийн талаар барьж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. 
 
Хэлэлийн хуралд газрын дарга Д.Мөрөн, Виз зөвшөөрөл, харьяатын асуудал хариуцсан дарга н.Нармандах, хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн н.Дуламсүрэн нар оролцлоо. 
 
Газрын дарга Д.Мөрөн "Өнөөдрийн байдлаар албан болон түр оршин суугчаар дэлхийн 131 улсын 28268 гадаадын иргэн оршин сууж байна. Түр хугацаа гэдэг 90 хоногийн хугацааг хэлнэ. Түүнээс дээш хоногоор оршин суух хувийн шугамаар оршин суухыг хэлдэг. 
 
Тэдний 20111 нь Улаанбаатарт хотод, 1568 нь Дорнод аймагт, 1409 нь Өмнөговь аймагт, 953 нь Баян-Өлгий аймагт, 544 нь Дорноговь аймагт оршин сууж байна.
 
Мөн хуулиар нэг улсын иргэн Монголын нийт хүн амын нэг хувьд байх ёстой. Одоогоор манай улсад БНХАУ-ын 13248 иргэн оршин сууж байгаа нь хамгийн олон тооны үзүүлэлт юм. Энэ нь Монголын нийт хүн амын 0.4 хувийг эзэлж буй аж. 
 
Цагаачлан амьдрахын иргэдийн тоог мөн хуулиар зохицуулдаг. Хуулиар Монгол Улсын хүн амын 0.5 хувь буюу 16192 хүн манай улсад цагаачлан амьдрах болно гэсэн үг.  
 
Өнөөдрийн байдлаар манай улсад 16 улсын 1927 иргэн цагаачлан амьдарч байна. Үүний ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байна. Энэ тоон үзүүлэлт нь Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн тоог хуулийн хязгаарлалтад барьж буйг харуулж байна. Мөн түүнчлэн виз олгох эрхтэй гурван субьект бий. Манай байгууллагын хувьд 30 хоногоос дээш хугацаагаар Монголд зорчих ангилалтай визийг манайх олгоно" гэв. 
 
Монгол Улсын их, дээд болон ЕБС-д 39 орны 2 907 гадаадын иргэн суралцаж байна. Энэ жил гадаадын суралцагчдын тоо 28 хувиар нэмэгджээ. МУБИС, МУИС, СУИС, АШУҮИС, ХААИС-д суралцагчдын тоо нэмэгдсэн байна. Гадаад оюутнуудын 2156 нь БНХАУ-ын иргэд. Тэдний 96 хувь нь өвөрмонгол оюутнууд байна. Мөн ОХУ-ын 340, БНСУ-ын 145, Японы 89, Лаосын 58 оюутан суралцаж байна.
 
Засгийн газрын долоон удаагийн тогтоолоор 13633 гадаадын иргэнд ажиллах хүчний зөвшөөрөл олгосон байна. Үүний хамгийн олон нь БНХАУ-ын 8 522 иргэнд зөвшөөрөл өгчээ. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэгчээр 87 улсын 9 929 иргэн манай улсад ажиллаж байна. Тухайлбал, БНХАУ-ын 6 993 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй юм. БНХАУ-ын   ихэнх нь газрын тос, зам гүүр, уул уурхайн салбарт ажиллаж байна. Үүнээс гадна 216 Австрали, 193 Вьетнам, 115 ОХУ-ын иргэд хөдөлмөр эрхэлдэг. Засгийн газраас гадаадаас авах ажиллах хүчний хувийг багасгах бодлогыг барьж буй. Өнгөрсөн 2018 онд БНХАУ-ын 8428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн бол 2019 онд 6993 иргэнд өгснөөр 17 хувийн бууралттай байна. 
 
Манай улсыг зорих жуулчдад хил дээр нь виз олгосон байна. Өнгөрсөн зун аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ явуулах 118 аж ахуй нэгжийг сонгосон гадаадын 2377 иргэнд жуулчин ангиллын визийг хил дээр шуурхай олгожээ. 
 
О.Гал 
Өнөөдрийн байдлаар албан болон түр оршин суугчаар дэлхийн 131 улсын 28268 гадаадын иргэн оршин сууж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.