| | USD/MNT 0₮

С.Амарсайханы хууль бусаар ажлаас нь халсан дарга нарыг ажилд нь буцаан томилох шүүхийн шийдвэр гарчээ

 
 
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай холбоотой хууль бус үйлдэл, томилгоо олон бий.
 
Тухайлбал, Засаг дарга болсноосоо хойш өөрийнхөө үзэл бодол ая данд тааруулж, албаны дарга нарыг ажлаас нь хууль бусаар үндэслэлгүйгээр халж, "өөрийн" гэх тодотголтой хүмүүсээр хотын захиргааг дүүргэсэн гэх мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, хэт хувийн шинжтэй томилгоо хийсэн гэж шүүмжилж буй. 
 
Тэрбээр хотын даргын албан тушаалд очсоноосоо хойш нийслэлийн 12 агентлагийн нэр хаягийг сольж, хоёр агентлаг шинээр байгуулан хэд, хэдэн дарга нарын халаа, сэлгээ хийсэн нь үнэн. Дарга нарын томилгоо, бүтцийн өөрчлөлт хийсээр Улаанбаатар хотод хийх ёстой ажлууд хугацаандаа хийж гүйцэтгэгдэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. 
 
Тэгвэл С.Амарсайхан нь агентлагийн дарга нарыг хууль бусаар ажлаас нь халсан гэх асуудал Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж, эхнээсээ шүүх дээр ялагдал хүлээж явна. 
 
Тодруулбал, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг өнгөрсөн зургадугаар сарын 05-ны өдөр үүрэгт ажлаас нь “Сахилгын шийтгэл” нэрээр чөлөөлж, тухайн өдрөө Урлаг.мн сайтын эрхлэгч Э.Цэнд-Аюушийг томилсон билээ. 
 
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ж.Дамдинцэрэн “Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” гэж мэдэгдсэн. 
 
Тэгвэл тэрбээр Захиргааны шүүхэд хандаж, шүүхээс Ж.Дамдинцэрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн хангажээ.
 
Тодруулбал, түүнийг С.Амарсайхан дарга үндэслэлгүйгээр ажлаас нь халсан нь нотлогдсон тул ажилд нь буцаан томилох шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх гаргасан байна. Гэхдээ энэ шийдвэр бол эцсийнх биш. Хариуцагч тал дараагийн шатны шүүхэд хандах юм бол давж заалдана. Ямартаа ч анхан шатны шүүхийн шийдвэр Ж.Дамдинцэрэнгийн талд гарсан байна гэж ойлгож болно. 
 
Мөн С.Амарсайхан дарга Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг чөлөөлж, Ардчилсан намыг засаг барих үед Баянзүрх дүүргийн газрын албаны даргаар ажилаж байсан А.Энхманлай томилсон асуудал ч шүүх дээр байгаа юм байна.
 
Тодруулбал, Э.Болорчулууны гаргасан нэхэмжлэлийг өчигдөр Захиргааны хэргийн шүүх хэлэлцэх ч байсан тодорхой шалтгааны улмаас хойшилжээ.
 
Бас нэг хууль бус томилгоо нь бол  өнгөрсөн зун Нийслэлийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргасан.
 
Түүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь ажлаас нь халсан хотын даргын шийдвэр нь Хөдөлмөрийн тухай  хуулийн  хүнийг эрүүл мэндийн шалтгаантай байхад ажлаас чөлөөлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн болж таарсан. 
 
Улмаар Нийслэлийн Засаг даргын тамгын  газраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын /ОСНААУГ/ ажилтнууд руу залган “ Даргыг чинь ажлаас чөлөөлөх захирамж гарсан. Даргынхаа өрөөг чөлөөлж, тамга тэмдгийг нь хүлээлгэж өг” хэмээн шаардаж өрөөг нь чөлөөлж авсан байдаг. 
 
Ийнхүү өвчтэй байх хугацаандаа хууль бусаар ажлаасаа халагдсан Ж.Батсайхан мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.  Шүүх хянаж үзээд гаргасан гомдлыг нь бүрэн хангажээ. Тодруулбал, ажлаас нь үндэслэлгүйгээр халсан болох нь тогтоогдсон тул ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ. Харин хариуцагч тал бол хотын захиргаа давж заалджээ. 
 
Хотын дарга С.Амарсайханы хувьд өөртөө хамаарал бүхий хүмүүсийг албан тушаалд томилж, ажил хийж байгааг нь өөрт нь таалагдаагүй хэн нэгнийг ажлаас нь халдаг гэх олны яриа бий. 
 
Тухайлбал, АН-ын гишүүн, Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаяр гэдэг мэргэжлийн бус хүнийг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд томилсон байдаг. Энэ хүн Гэндэнгийн музейн газрыг бусдад худалдсан гэх асуудалд холбогдоод байгаа юм. 
 
Мөн НИТХ-ын Ажлын албаны Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил ч хотын даргын ойрын хүн гэдгийг эх сурвалж хэлж байна.
 
Ийнхүү хууль зөрчин байж томилгоо хийнэ, халаа сэлгээ, мэргэжлийн бус, халагдсан хүмүүс нь шүүхэд хандсан албан тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөсөөр байна.
 
О.Гал 
 
 
 
 
С.Амарсайханы хууль бусаар ажлаас нь халсан дарга нар шүүх дээр ялалт байгуулжээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.