| | USD/MNT 0₮

АРД ИРГЭДЭЭ, ХАНИАД БИШ ТАХАЛ, АМРАЛТ БИШ ХӨЛ ХОРИО ГЭДГИЙГ ОЙЛГООЧ

Дэлхий нийтийг сүйрүүлж байгаа шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас зарим улс оронд хөл хорио, бүр онц байдал зарласан байна.

Харин манай улсад коронавирусын халдвар илрээгүй ч сэжигтэй олон тохиолдол илэрснийг тусгаарлаж, шинжилгээ хийсний эцэст бүгд халдваргүй гарсан нь азтай бөгөөд албан ёсоор халдвар бүртгэгдээгүй байна.

Гэхдээ манай улс сонор сэрэмжтэй байхгүй бол Монгол Улс эрсдэлтэй өндөр бүс нутагт хамаараад байгаа. Өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Харин манай монголчуудын хэнэггүй ухамсаргүй зан аюулд оруулахад бэлэн байна.

ЭМЯ болон холбогдох газрууд төр засаг шийдвэр гаргаж энэ сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтоосон. Гэтэл гурав хоногийн хөл хориогоор нийслэлээс гараад хөдөө явчихсан орж ирж чадахгүй баларч байна. Учир нь Засгийн газар дахин шуурхай хуралдаж хөл хориог дөрөв хоногоор буюу гуравдугаар сарын 03 хүртэл хорьсон.

Гэвч өчигдөр өнөөдөр ажилтай иргэд Нийслэл рүү орж чадахгүй тээврийн товчоод дээр бөөн үймээн самуун үүсгэж, төр засгийн шийдвэрээ хүндлэхгүй, шаардлага тавьж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг хэл амаараа доромжлох, элдэв шалтаг шалтгаан тоочиж машинаараа дайрах үзэгдэл гарсаар байна.

Өчигдөр орой 18.30 цагийн үед Эмээлтийн товчоон дээр Asu.mn сайт ажилласан бөгөөд тэнд хот руу орох гэсэн 30 гаруй машин оочерлосон байв.

Хамгийн гол нь хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг онцгойн бичигтэй товчоо руу нэвтрүүлж байгаа гэдгийг иргэд ойлгохгүй байсан.

Тухайлбал, ар гэрийн гачигдал буюу буяны ажилтай иргэдийг оруулна, мөн эрүүл мэндийн шалтгаантай болон албан томилолттой иргэдийг нэвтрүүлж байсан.

Гэтэл ухамсар муутай иргэд элдэв шалтаг тоочиж орохыг гуйж шалсаар байв.

Дугаарлаж байгаа иргэдийн хэлж буйгаар “Ээж маргааш хагалгаанд орно. Би Архангай аймгаас ирлээ. Мэдээлэл аваагүй. Хөл хорио 27-нд тавигдсан гэж ойлгосон” гэх.

Гэвч “Манай эхнэр хоёрдугаар төрөх эмнэлэгт төрөх гээд төрөхийн орон дээр гарчихсан байгаа зургаа явууллаа. Би гялс очихгүй бол болохгүй байна” гэж цагдаа нарыг гуйж царайчлах идэр насны залуу. Түүнд шаардлагатай гэсэн ямар ч онцгойн бичиг байхгүй харагдав.

Мөн “Настай аавын минь бие тааруу, машинд сууж байна” гэх залуу эрүүл мэндийн ажилтнаар аавынхаа биеийн байдлыг үзүүлээд нэвтрэх.

Мөн “Би 37 хоногтой жирэмсэн. Жирэмсний карт байхгүй. Энүүхэн ойрхонд аавындаа хоёр хоночихоод ирлээ. Маргааш эмнэлэгт хэвтэх ёстой, оруулчихаач” гэж гуйж шалсаар байгаад орох хөл хүнд эмэгтэй ч байв. Түүнчлэн зэвсэгт хүчин болон цагдаагийн албаны машинууд ямар ч “асуудалгүй” товчоо руу нэвтэрч харагдана.

Гэхдээ ямар ч бичиг баримтгүй хэнэггүй хүмүүсийг бол нэвтрүүлэхгүй байсан. Олон жижиг хүүхдээ дагуулсан хоёр эмэгтэйг товчоогоор оруулсангүй. Тэд өглөөнөөс хойш зогсож байгаа бөгөөд хөдөө явчихаад ирсэн гэнэ. Газаар явдаг машиных нь шар гэрэл асчихсан. Хүүхдүүд нь даараад байна. Бид гэртээ очмоор байна. Цасанд сууж арайхийж машинаа гаргаж ирсэн. Бидэнд буцаад явах ямар ч газар байхгүй. Сүлжээгүй газар явсан болохоор хөл хориог сунгасан гэх мэдээлэл авч чадаагүй. Жаахан хүүхдүүд эхнээсээ даарч хөрж эхэллээ гэж зовлонгоо тоочих хоёр эмэгтэйг цагдаа болон онцгойн алба хаагчид шаардлагатай гэсэн бичиг баримт нэхээд оруулсангүй.

Иргэд ийм л ухамсартай байна. Хөдөө гадаа агаарлаж, гурав хоног амрах гэж явсан бололтой. Хөл хориог амралт гэж ойлгожээ. Буцаад ирэхдээ өвдсөн хавдсан үхсэн зовсон хүмүүс олноороо ирж зовлонгоо тоочих. Тэдэнд ямар ч мэдээлэл алга. Мэдээлэл авахыг ч хүсэхгүй зарим нь “Коронавирус Монголд орж ирээгүй байхад улсаараа сүржигнэлээ. Бидний эрх ашгийг боолоо, бид хаана явахаа та нараар заалгах ёстой юмуу” гэж уурлаж ундууцах. Албатай юм шиг, хүний төлөө амьдарч, хөдөө гадаа явсан юм шиг аашлах ард иргэдээ жаахан ч гэсэн ухамсартай, сэтгэлтэй бай.

Та нарын харааж ерөөгөөд байгаа засаг төр чадлаараа сайн ажиллаж байна. Харин та нар хариуцлагатай байж, урьдчилан сэргийлэлтийг сайн хийж, хөл хорионд орж, Эрүүл мэндийн байгууллага болон ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийг ягштал сайн дагаж мөрдөж байж, энэ айхтар халдварт өвчний ард хамтдаа гарах болно шүү. Дэлхийн томоохон хөгжилтэй орнууд цартахлын өмнө өвдөг сөхөрч байна.

Муу зовниж байгаа юм бишээ, хэрвээ энэ халдвар Монголд ороод ирвэл үндсээрээ ч сүйрэх аюултай шүү гэдгийг эрдэмтэн, судлаачид анхааруулж хэлээд байхад ард иргэд нь хэнэггүй тоомжиргүй, төр засгийнхаа авч хэрэгжүүлж байгаа ажлын эсрэг байж болохгүй ээ.

Хэн хэндээ хүндэтгэлтэй, ухамсартай, хариуцлагатай хандаж байж энэ өвчин тахлыг бид даван туулж гарна. Нэг хүний эрх ашгаас нэлээд хэдэн хүний эрх ашиг, эрүүл мэнд хамаарна. Тиймээс бусдадаа шаардлага тавьж, амны хаалт тогтмол хэрэглэх, гараа сайтар савандаж угаах, дархлаагаа дэмжих, аль болох олон хүнтэй газар бөөгнөрч цугларахгүй байх, гэр орон болон ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ байнга хийх, өвчин гарсан улс орон руу аялахгүй байхыг анхааруулъя.

Дахин хэлье энэ айхтар вирус бол ханиад биш тахал юм, амралт биш хөл хорио тогтоосон гэдгийг монголчууд минь ойлгох ёстой шүү.

 

 

Коронавирус бол ханиад биш тахал юм, амралт биш хөл хорио тогтоосон гэдгийг монголчууд минь ойлгох ухаантай байгаач.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.