| | USD/MNT 0₮

Э.Батшугарын "Сод маргад" компани Халзан Бүргэдтэй хайрханыг ухаж чадахгүй

 
 
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын  "Сод маргад" компанийн ажилтнууд Ховд аймгийн Дуут сумын газар нутагт орших Халзан Бүргэдтэй хайрханыг ухахаар техник тоног төхөөрөмжтэй очоод нутгийн иргэдэд хөөгдсөн байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар Монгол Халзан Бүргэдтэйд хайгуулын лиценз эзэмшдэг гэх мэдээлэл аль 2010 онд гарч байсан.  “Сод маргад” ХХК-ийнх нь нэр дээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум болон Ховд аймгийн Дуут сумын зааг дахь 31617.97 га талбайн эзэмшлийн гэрчилгээ 2008 онд бүртгэгдсэн байна. 
 
Улсын бүртгэлд 5032938 регистрийн дугаартай “Содмаргад” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.Батшугар 2011-2012 онд ажиллаж байжээ.
 
Тэгвэл таван жилийн хугацаатай олгогдсон лицензийн хугацаа 2014 оны наймдугаар сарын 28-нд дуусгавар болсон байхад ийнхүү одоо үйл ажиллагаагаа явуулахаар Халзан бүргэдтэй хайрханыг "онилж" очсон байгаа юм.  
 
 
Хайгуулын лиценз олгогдсон тухайн үеийн аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн бичиг явуулсан ч тэр бичгийн хариу нь ирэхээс өмнө АМГТГ-ын шийдвэр аль эрт гарчихсан байжээ.
 
Харин 11 жилийн дараа газар нутгийг нь сэндийлэх гэж байгааг мэдсэн нутгийн иргэд өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, удирдлагууд нь хэлэлцээр хийсний үр дүнд газар нутгаа ухуулж төнхүүлээгүй, өрөмдлөг хийж эхэлсэн үйл ажиллагааг нь  зогсоожээ.
 
Тодруулбал, нутгийн удирдлагууд Дуут сумын Засаг даргын захирамжаар хайгуул хийх үйл ажиллагааг зогсоосон байна.  Харин хайгуул хийж, газар ухахаар очсон хүмүүс техник тоног төхөөрөмжөө аваад өчигдөр буцсаныг эх сурвалж хэлж байгаа юм.
 

 

О.Гал 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.