| | USD/MNT 0₮
Засгийн газар болон Улсын Онцгой комисс коронавирус буюу COVID-19-өөс урьдчилан сэргийлэх болон нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, гарах автозам болон төмөр замын хөдөлгөөн хязгаарласныг сунгах санал тавьсан. Өөрөөр хэлбэл, улс, хот хоорондын тээврийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг сунгах Засгийн газрын тогтоол гарсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Уг чиглэлийн дагуу яг одоо Улсын Онцгой комисс үргэлжлүүлэн хуралдана.
Мөн тэрбээр "Харин Улаанбаатар хотод оршин суудаг иргэдийн хувьд иргэний үнэмлэхээ үзүүлж байж товчоодоор нэвтрэх зохицуулалтыг УОК-оос хийх юм байна. Маргаашнаас буюу хоёрдугаар сарын 27-ноос ажлын өдрүүд эхэлнэ. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байгаа" хэмээн онцоллоо.
Түүнчлэн Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхээр Засгийн газраас дахин 6.5 тэрбум төгрөгийн ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.
ШУУРХАЙ: Хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласныг СУНГАЛАА