| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоол, Улсын онцгой комиссын 5 дугаар хуралдаан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн А/52 дугаар тушаал, бүсчлэн хаах төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд 829 цагдаагийн алба хаагч 362 тээврийн хэрэгсэлтэй 336 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Аймаг, сум, баг, хотын замыг хяналтад бүрэн авсан бөгөөд өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.00 цагийн байдлаар 639 тээврийн хэрэгслээр 1249 иргэн дамжин өнгөрлөө.
Энэ талаар ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Нямдаваа хэлэхдээ "Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 832 алба хаагч бэлэн байдалд шилжин үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс 300 гаруй алба хаагч 340 орчим хяналтын цэг дээр ажиллаж, зөрчлүүдийг хянан шийдвэрлэлээ. Өчигдрийн хувьд 1200 орчим иргэн 639 тээврийн хэрэгсэлтэйгээр хяналтын постуудыг дамжин өнгөрсөн. Тухайлбал, нүүрсний тээвэр болон эрүүл мэндийн байдал, буяны ажил зэрэг хүндэтгэх шалтгаантай иргэд тандалт судалгаагаа хийлгээд постуудаар зорчсон. Гэхдээ эдгээр иргэд нь заавал цахим үнэмлэхээ шалгуулж, бүртгэл хийлгэх ёстой.
Ер нь иргэдийн хувьд коронавирусийн халдварын энэ үед гэр бүл, хайртай дотнын хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байх орчныг бүрдүүлэх нь иргэн бүрийн үүрэг гэдгийг маш сайн ухамсарлаж байгаад цагдаагийн байгууллага талархаж байна. Учир нь өчигдөр 21.00 цагийн байдлаар хяналтын постууд дээр хязгаарлалттай холбоотой зөрчил, маргаан үүсээгүй" хэмээн онцоллоо.
Б.НЯМДАВАА: ИРГЭД МААНЬ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ ГЭДГИЙГ МАШ САЙН УХАМСАРЛАСАН БАЙНА