| | USD/MNT 0₮

ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: ЯЛЫН БОДЛОГЫН АСУУДАЛ ЯРИХААС ГАДНА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

Манай улсад сүүлийн жилүүдэд охидыг хүчирхийлэх төрлийн гэмт хэрэг огцом нэмэгдсээр байна. Өмнөх оны үетэй харьцуулахад хоёр дахин өссөн гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл энэ асуудлын талаар тодруулж, гарц гаргалгаа юу вэ? Ямар арга хэмжээ авч болох талаар Хуульч Р.Булгамаатай ярилцлаа.

-ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСИЙН 30 ХУВЬ НЬ ХЭРГЭЭ ДАВТАН ҮЙЛДДЭГ-

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе

-Сүүлийн өдрүүдэд охидыг хүчирхийлэх болоод тэд гэмт хэргийн золиос болсон олон цочирдом хэргүүд ар араасаа гарлаа. Энэ асуудалд төр засаг болоод хууль тогтоох байгууллагууд шийдвэрүүд гаргаж байна. Энэ талаар таны бодол ямар байгаа вэ?

Охидын эрх зөрчигдөж байгаа энэ үед асуудлыг хөндөж цаашдаа эрхийн хамгааллын асуудал ямар байгаа вэ гэдгийг бодлогын түвшинд иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэх нь чухал болоод байна.

Охидын эрхийг хамгаалах асуудал дээр нэг өдөр дуугараад орхих биш ажил хэрэг болгож үр дүнд хүрэх хэрэгтэй болоод байна. Ялангуяа яг энэ цаг мөчид 12 настай охины амь насаа алдсан харамсалтай үйл явдал монголыг улсыг доргиолоо. Бид энэ асуудал дээр нэг хэсэг яриад орхих бус дараагийн охидын эрхийг хэрхэн хамгаалах, яаж бодлогын түвшинд аваачих вэ гэдэгт илүү анхаарлаа хандуулах ёстой гэж иргэн хүнийхээ хувьд болон ээж хүнийхээ хувьд бодож байна. Хууль тогтоогчдын зүгээс яаравчилсан байдлаар хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж ирэх асуудлаар засгийн газарт мэдэгдэж байгаа. Яг энэ асуудалд хорих ялын хэмжээг таван жилээр нэмснээр асуудал бүрэн шийдэгдэхгүй. Яагаад энэ төрлийн гэмт хэрэг гараад байна вэ, Яагаад охидын эрх чөлөөнд халдаад байна вэ, охид яагаад гэмт хэрэгт өртөөд байна вэ гэдэг дээр геромлоги судалгааг хийж үзэх хэрэгтэй. Мөн сүүлийн жилүүдэд яагаад охидын бэлгийн эрх  чөлөө болон халдашгүй дархан байдалд халдах гэмт хэрэг өсөөд байгаа юм бэ гэдэг асуудалыг орхиж болохгүй болоод байна

-Тэгэхээр нийгмийн сэтгэлзүйтэй ажиллах нь чухал гэсэн үг үү?

Ер нь жилд дунджаар 150-180 орчим охидууд хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болж байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо огцом хоёр дахин өссөн. Улсын ерөнхий прокуророос гаргасан судалгаагаар 2022 оны байдлаар 760 гаруй хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдалд халдсан гэсэн тоо баримт гарсан. Түүний 60 хувь нь охидууд өртсөн. Тэр дундаа 14 нас хүрээгүй бага насны охидууд байна. Биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж дарамтлан, сэтгэл санаанд нь нөлөөлөн хүчирхийллийн гэмт хэргийг үйлдээд байна. Битгийн хэлээрэй гэж айлгачихвал энэ гэмт хэрэг илрэхгүй байна гэдгээр үйлдэгдэх байдал газар авч байна.

-Гэмт хэргийн дийлэх нь насанд хүрээгүй охид өртсөн гэж хэллээ. Одоо энэ дээр ямар арга хэмжээ авах вэ?

Энэ бол маш өндөр тоо. Жилд дунджаар 300-400 охин энэ гэмт хэргийн хохирогч болж байгаа асуудал үнэхээр анхаарал татаж байна. Нийгмийг цочроон айдаст автуулж байгаа.

Ялын бодлогын асуудал ярихаас гадна  гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүсийн сэтгэл зүйн асуудалтай ажиллах хэрэгтэй байна. Судалгаагаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 30 гаруй хувь нь хэргээ давтан үйлдсэн байдаг нь тогтоогдсон. Тэгвэл давтан үйлдээд байгаа хэв шинж, зан үйлийн тал дээр дүгнэлт хийх ёстой. Бага насны охидыг сонирхоод байгаагаас харахад ямар нэгэн хэлбэрээр сэтгэцэд нь өөрчлөлт  орчихсон байж болно. Үүнийг олон улсын томъёололоор Пидабилгэдэг л дээ. Гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүст ийм төрлийн хэв шинж байгаа юм биш биз дээ. Зан үйл хувийн байдалд нь ийм хэв шинж байна уу, үгүй гэдгийг тогтоодог зохицуулалт хэрэгтэй л дээ.

Хэрэв гэмт хэрэгтний хувийн байдалд нь энэ хэв шинж байгаа бол охидуудаа холдуулах, хамгаалах хэрэгтэй.

-30 хувь нь хэргээ дахин үйлдээд байгаа тал дээр яаж анхаарвал болох вэ? Энэ тал дээр хяналт тавьдаг юм болов уу?

Хэрэгтэн ялаа эдлээд гараад ирсэн бол түүнд хяналт тавьдаггүй. Үүнийг л зохицуулах хэрэгтэй байгаа юм.  Хэрэгтнийг гараад ирэхэд хараа хяналттай байх тал дээр бодлого, зохицуулалт хийх нь маш чухал болоод байна.

-Үүнээс харахад хүүхдүүдэд ч мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал байна уу?

Тийм шүү. Дан ганц хэрэг үйлдэгчид бус  нөгөөтэйгүүр охидуудаа бид сэтгэл зүйгээр бэлдэх, хүний эрхийн мэдээлэлтэй болгох хэрэгтэй байгаа юм. Охидын хүчирхийллийн гэмт хэрэгт түүний хамгийн ойрын хүн болох ураг төрлийн холбоо, танил талын хүрээлэлд бий болоод байна. Эсвэл охидыг хуурч мэхлэн ойр дотно харилцаа үүсгэн итгэлийг нь олж авч байгаад хэргээ үйлддэг.

Энэ асуудлыг дан ганц Нийгэм хамгааллын яамны Гэр бүл хөгжлийн газар-ын шийдвэрээр бус бүх салбарын уялдаа холбоог оруулцуулах нь чухал. Цагдаа болон төрийн байгууллага зарим нэг чиглэл өгдөг ирэгний нийгмийн байгууллагуудыг оролцуулж, олон нийтийн саналыг сонсож шинэ бодлого гаргаж ирснээр үр дүнд хүрэх юм. гэлээ

Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.