| | USD/MNT 0₮

Шинэ төрлийн титэмт вирусийн оношилгоог цаг алдалгүй хийх боломж бүрдлээ

Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд гардуулан өглөө. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зөөврийн дижитал рентген болон Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадал бүхий орчин үеийн зөөврийн 20 ширхэг дижитал рентген аппаратыг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна.

Дээрх аппаратууд нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаж аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн төвшинд сүрьеэгийн оношилгооны чадавхыг нэмэгдүүлж, дижитал рентген аппаратаар үе шаттай хангах зорилтын хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийлүүлэгдэж байгаа аж.

Тус рентген аппаратуудыг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд, ХӨСҮТ, Булган, Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудын нэгдсэн эмнэлгүүд, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорнод аймгийн Халх-Гол сумын эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэг зэрэг хилийн томоохон боомтуудын эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна. Эрүүл мэндийн байгууллагуудыг зөөврийн дижитал рентген аппаратаар хангаснаар тухайн эмнэлгийн оношилгооны чадавх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд ялангуяа амьсгалын замын халдварт өвчлөл, томуу томуу төст, сүрьеэ, шинэ төрлийн титэмт вирусийн оношилгоог цаг алдалгүй хийх, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, халдвар тархах эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "УОК болон Засгийн газраас шинэ коронавирусийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдвэл бэлэн байдлыг хэрхэн хангах чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгөөсөө 4.2 тэрбум төгрөг гаргасан. Уг хөрөнгийг эрүүл мэндийн байгууллагуудыг коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор эм тариа, эмнэлгийн ажилчдын хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай зүйлүүдийг худалдан авах ажиллагаанд зарцууллаа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж авсан. Эдгээр нь ДЭМБ коронавирусийн үед нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтад бий. Нэн түрүүнд дижитал рентген аппаратыг 20 ширхэгийг авлаа. Эхний ээлжинд нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийг энэхүү аппаратаар хангалаа. Хэрэв шинэ коронавирусийн халдвар гарсан тохиолдолд тухайн иргэнийг зөөхгүйгээр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь шинжилгээ хийх, уушгийг нь чагнах боломжтой болно гэсэн үг" хэмээв.

Шинэ төрлийн титэмт вирусийн оношилгоог цаг алдалгүй хийх боломж бүрдлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.