| | USD/MNT 0₮

Б.Ганхуяг: Арван жил “дуншсан” хувьцаа анх удаа амь орж байна

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэгвэл энэхүү ашгаасаа ард түмэнд ногдол ашиг хуваарилахаа өнгөрөгч даваа гарагт мэдээлсэн. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаа нь бүрэн байгаа иргэнд 96,480 төгрөг оногдох аж.

Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой юм байна. Тэгвэл мэдээлэл цацагдсанаас хойш дөрвөн хоногийн хугацаанд 99 мянган иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр данс нээлгэж, брокерийн компаниудад хандан үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгджээ.

Гэхдээ хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед иргэд онлайнаар ч данс нээлгэх боломжтойг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. Тэрбээр “2019 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан. Үүний хүрээнд нэг их наяд 80 тэрбум төгрөг ногдол ашигт хуваарилагдахаар тооцоо гарсан. Нийт хувьцааны 85.4 хувийг Монгол Улсын Засгийн газар, 14.7  хувийг ард түмэн 1072 хувьцаагаар, 0.05 хувийг аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшдэг. Ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсны дараа 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэсэн. Гэхдээ Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэдэд чирэгдэл учруулалгүйгээр, аль болох ачаалал багатайгаар орчин үеийн техник технологи ашиглан бүртгэлжүүлэх, мэдээлэл өгөхөөр ажиллаж байна.

Нэмж хэлэхэд, энэ бол бэлэн мөнгө тарааж буй асуудал биш юм. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд бизнесийн ирээдүйн мөнгөний урсгал, төсөөллөөр хувьцаа гаргах буюу IPO хийдэг. Тухайн хувьцааг эзэмшигч нь компанийг ашигтай ажиллахыг шаардаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, компанийн нээлттэй засаглалыг бий болгох гэх мэт олон шаардлагыг тавьсаар ирдэг. Үүний дагуу “ЭТТ” ХК анх удаа ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ олгож байгаа юм. Монгол Улсын Засгийн газарт 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг очиж байгаа. Энэхүү мөнгөөр Засгийн газар томоохон төсөл хөтөлбөрүүд болох Тавантолгой түлш, Төмөр замын ажлуудаа санхүүжүүлнэ.

Ямартай ч компани ашигтай ажилласан учраас төрдөө болон иргэддээ ногдол ашгаа бэлэн мөнгөөр болон үнэт цаасаар өгдөг. Ийм л хоёр хэлбэр бий. Харин Засгийн газарт үнэт цаасаар, иргэддээ бэлэн мөнгөөр олгож байгаа юм. Арван жил “дуншсан” хувьцаа маань амь орж байгаа юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа дөрөвдүгээр сард хийж, ирэх тавдугаар сарын 01-нээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан иргэдэд олгож эхэлнэ” гэв.

Мөн энэхүү хэвлэлийн хурлын үеэр Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, “Бумбат Алтай” брокерийн компанийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал нар оролцож, ногдол ашиг олгох үйл явц болон хувьцааны данс нээх онлайн үйлчилгээ, шинэ технологийн талаар танилцууллаа.

Иргэдийн хувьцааны тоо ширхэг, ногдол ашгийн хэмжээ:

Иргэдийн бүртгэл, үнэт цаасны данс нээлгэсэн байдал:

ШУУД ҮЗЭХ: 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэгвэл энэхүү ашгаасаа ард түмэнд ногдол ашиг хуваарилахаа өнгөрөгч даваа гарагт мэдээлсэн. Ингэхдээ нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаа нь бүрэн байгаа иргэнд 96,480 төгрөг оногдох аж.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.