| | USD/MNT 0₮

Эрт илрүүлгийн баг Төв аймгийн сумдад ажиллаж байна

Эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч нарын баг гарган орон нутагт ажиллуулах Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Энэ дагуу Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч нарыг хамруулсан эрт илрүүлгийг эрчимжүүлэх багуудыг хөдөө орон нутагт өнгөрсөн наймдугаар сараас эхлэн ажиллаж байна.

Хуваарийн дагуу өнгөрсөн долоо хоногоос эхлэн Төв аймгийн сумдад хамтарсан баг ажиллажээ. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Эрдэнэ суманд ажиллаж буй Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эрт илрүүлгийн багийн ажлын явцтай танилцжээ.

Төв аймгийн Эрдэнэ сум нь 1272 өрх, 3862 хүн амтай бөгөөд улс даяар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд тус сумын 18-аас дээш насны иргэдийн 27,1 хувь нь хамрагдсан байна.

Эрт илрүүлгийн багууд тусгай тоноглосон автобус буюу нүүдлийн амбулаторитой явж буй. Уг амбулаторид зөөврийн дуран, ЭХО, рентген аппарат, шинжилгээний лаборатори зэрэг үзлэг, оношлогоонд шаардлагатай тоног төхөөрөмжтэй учраас сумын төвийнхнөөр хязгаарлагдахгүй алслагдсан багийн малчид, тариаланчид хамрагдах боломжтой.

Зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, лабораторийн шинжилгээгээр биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит B, C, багажийн шинжилгээгээр зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн үзлэг шинжилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч байгаа юм.

Насанд хүрэгчдийн хувьд дөрвөн насны бүлгийн багцаар 11-17 төрлийн үзлэг, оношлогоонд хамрагдаж буй юм. Үзлэгт хамрагдахаар ирсэн иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч буй Төв аймгийн нийгмийн даатгалын байцаагч Ц.Чулуунцэцэгтэй уулзахад “Сумын иргэдэд эрүүл мэндийн даатгалаа төлөлгүй орхисон оны мэдээллийг программаас харж өгч,  Ebarimt.mn цахим хуудсаар төлүүлж байна. Одоогоор ямар нэг хүндрэл гараагүй бөгөөд өнөөдөр үзлэг эхлээд гурван цагийн хооронд 29 хүн багцын үйлчилгээнд хамрагдаад байна. 2019 оноос хойш даатгалаа төлөөгүй хоёр иргэн 255,600 төгрөг даатгалд төлснөөр эрүүл мэндийн үйлчилгээ авлаа” гэв.

Үзлэгт орохоор ирсэн иргэд эрүүл мэндийн даатгалаа төлж байж тусламж үйлчилгээ авах ёстой юм. Тиймээс даатгалын асуудлаас шалтгаалан заавал аймаг, сумын нийгмийн даатгал, эрүүл мэндийн газар, банкинд очих шаардлагагүйгээр зохицуулсан нь эрт илрүүлгийн давуу тал болж байна.

 

 

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.