| | USD/MNT 0₮
МУГЖ М.Бямбажав агсны нэрэмжит соёлын төв, "Намирын гол" хөшөөний нээлт энэ сарын 29-нд Увс аймгийн Өмнөговь суманд болох аж. Тэрээр 1967 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Найман хүүхэдтэй айлын том нь билээ. Тэр 1978-1985 онд Увс аймгийн Өмнөговь сумын ЕБС-ийн наймдугаар анги, 1985-1986 онд Хөвсгөл аймагт ТМС, Хөгжимт драмын театрт бүжигчин, 1986-1987 онд Увс аймгийн ХДТ-т дуучин, 1987-1989 онд Хугацаат цэргийн алба хаагч, 1990-1994 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн дэргэдэх “Үлгэрийн далай” чуулгад ерөөлч-магтаалч, 1994-1998 онд “Тэмүүжин” чуулгын дуучин, 1994 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол, тэмдэг, 2018 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол, тэмдэг хүртсэн. Ая зохиогч, дуучин, МУГЖ М.Бямбажав агсан 19 насандаа алдарт “Оройтсон бороо” дууныхаа аяыг зохиож, дуулсан нь Монголын ард түмний өнөөдрийг хүртэл сонсох дуртай дуунуудын нэг болсон.
Мөн тэрээр “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Үгүйлж явъя нэгийгээ”, “Мартагдашгүй хайр”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ”, “Намирын гол”, “Соёолонгийн тоос”, “Хүлээгээрэй”, “Ээжийн нутаг” гээд олон сайхан уран бүтээлээ бидний зүрх, сэтгэлд үлдээжээ.