| | USD/MNT 0₮

ЭМЯ:ЗАВХАНД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧ, АВТОБУСАНД ХАМТ ЗОРЧИЖ ЯВСАН 40 ХҮНИЙГ ХЯНАЛТАД АВСАН

 
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар цаг үеийн мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д тус вирусийн халдвар авсан 1812 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин БНСУ, Япон, Сингапур зэрэг оронд 24 цагийн хугацаанд өвчлөл нэмэгдсэн байна.
 
Тэр дундаа Япон улсад нийт өвчлөл 651 болж нэмэгдсэн бол БНСУ-ын сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй өөрөөсөө гадна 10 хүнд халдвар тараасан тохиолдол бүртгэгджээ. Иймд олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. 
 
Иргэд, олон нийт даарч хөрөхгүй байж дулаан хувцаслах нь дархлааг дэмжинэ. Мөн халуун шөл, шингэн зүйл ихээр хэрэглэх, жимс ногоо түлхүү хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах, стрессдэхгүй байх зэргээр дархлаагаа дэмжвэл өвдөх магадлал бага, өвдсөн тохиолдолд хөнгөн өвдөж, хурдан эдгэрнэ гэдгийг мэргэжилтэн зөвлөлөө.
  
Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 вирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Замын-Үүд боомтод нэг хүнийг тусгаарлаж хамт зорчиж явсан 103 хүнийг ажиглалтад авсан, иргэдийн биеийн байдал сайн байгаа аж. 
 
Мөн өчигдөр Завхан аймагт вирусийн сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлаж, хамт автобусанд зорчиж явсан 40 хүнийг хяналтанд авсан байна. Тухайн иргэн хоёрдугаар сарын 6-12-ны хооронд БНХАУ-руу Гашуунсухайт боомтоор гараад энэ сарын 13-ны өдөр Завхан аймагт очжээ. Очсон даруйдаа халуурсан, хатгалгаа өвчний шинж илэрсэн тул тусгаарлаж шинжилгээний сорьцийг ХӨСҮТ-д илгээжээ. 
 
Мөн энэ сарын 13-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-д суралцдаг нэг оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа аж.
  
Манай улсын эмнэлгийн байгууллагууд COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувцасын нөөц бүрдүүлэх чиглэлээр зургаан нэрийн эм, 14 нэр төрлийн хувийн хамгаалах хэрэгсэл, 10 нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтйин бодис бэлтгэхээр ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулан нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
ШУУД ҮЗЭХ: 
 
Завхан аймагт вирусийн сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлаж, хамт автобусанд зорчиж явсан 40 хүнийг хяналтанд авсан байна. Тухайн иргэн хоёрдугаар сарын 6-12-ны хооронд БНХАУ-руу Гашуунсухайт боомтоор гараад энэ сарын 13-ны өдөр Завхан аймагт очжээ. Очсон даруйдаа халуурсан, хатгалгаа өвчний шинж илэрсэн тул тусгаарлаж шинжилгээний сорьцийг ХӨСҮТ-д илгээжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.