ТНБД Б.Баярсайханыг Сан-Франциско хотын Консулаар томилох тохироо хийжээ
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг тойрсон балаг их бий.
Өмнөх сайдтайгаа зөрчилдсөөр ажлаа өгөхдөө тулж, эцэстээ шүүхээр явж байж албан тушаалдаа эргэн ирсэн түүний талаар таагүй мэдээллүүд олон гарсан.
Одоо түүнийг салбарын сайдынхаа судсыг атгачихсан, боловсролын салбарыг удирдаж байна гэх яриа ч гарсаар байна.
Гэвч үнэндээ "боловсролгүй" гэх тодотголтой Б.Баярсайхан албан тушаал дэвшиж АНУ-ын Сан-Франциско хотын Консулаар гэр бүлийн хамт явах гэж байгаа гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг Консулаар томилох тохироо хийгдсэн бөгөөд шинэ он гаргаад явах юм гэнэ. Өөрөө ч Консулаар явах гэж байгаа тухайгаа ойрын хүмүүстээ ярьж яваа сурагтай.
Тус хотод суух Консул Э.Галбадралын бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа бөгөөд одоогоор албан тушаал нь эзэнгүй байгаа аж.
Тэгвэл Б.Баярсайханы хувьд ямар сэжмээр Консулаар томилогдох тохироо хийгдсэн бэ гэдэг нь яах аргагүй анхаарал татна.
Магадгүй АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр байгаа бөгөөд түүнийг Б.Баярсайханыг татаж авч байна гэсэн хардлага ч байгааг нуухгүй юм.
Харин төрийн ажлын туршлагагүй, боловсролын салбарыг ямар байдалтай авч яваа байдал нь, бусдад ямар үлгэр дуурайлал үзүүлж, яамныхандаа "гологддог" Б.Баярсайханы хувьд бүхэл бүтэн Монгол Улсаа төлөөлж, гадаадад Консулаар сууж чадах уу. Ер нь Консул байх боломж, чадвар нь хэр билээ. Хэн нэгний нөлөөгөөр томилогдож байгаа тохироо, томилгоо юм биш биз дээ.
Түүнийг Төрийн нарийн бичгийн дарга хийхдээ өөрийнхөө албан тушаалын байдлаа ашиглаж багш мэргэжилтэй төрсөн эгчийгээ МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн тэнхмийн эрхлэгчээр томилсон. Бас найз нөхдөө салбарын яамандаа томилсон байна. Өөрөөр хэлбэл, Б.Баярсайханы "тавиулууд" салбарын яаманд цөөнгүй байдаг аж.
Мөн салбарын яамныхан нь түүнтэй санал бодол нийлдэггүй, хамтарч ажиллах боломжгүй хэмээн ЗГХЭГ-т хандаж байсан. Учир нь түүнийг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй гэсэн утга бүхий шаардах бичгийг ЗГХЭГ-т хүргүүлж байсан удаатай.
Төрийн нарийн Б.Баярсайханы мэргэжил, ажил байдлын намтар ч асуудал дагуулдаг.
Тэрбээр өөрийн намтартаа 1991 онд Монгол Улсын Багшийн сургуулийг төгссөн гэдэг. Тэр үед тус сургууль коллежийн статустай байсан юм. Гэтэл Б.Баярсайхан ийм сургуулийн дуу хөгжмийн ангийг дүүргэсэн гэдгээ бичихээсээ санаа нь зовсон уу, эсвэл хүн мэдэхгүй гэж бодоод худлаа бөглөсөн үү, ямар ч буруу бичсэн байдаг.
Бас өөрийгөө сэтгүүлч мэргэжилтэй гэдэг энэ эмэгтэй 1999 онд Монгол Улсын сэтгүүлзүйн сургууль төгссөн гэж бичсэн байгаа юм. Манай улсад ийм нэртэй сургууль байдаггүйг сэтгүүлзүйн салбарынхан андахгүй сайн мэднэ.
Үнэн хэрэгтээ түүний төгссөн Монгол Улсын сэтгүүлзүйн сургууль гээд байгаа нь Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч коллежийн зургаан сарын курст сууснаа их сургууль төгссөн гэж худлаа ярьсан Б.Баярсайханы хувьд Сан-Франциско хотод суух Консулаар томилогдох нь тодорхой болжээ.
Дашрамд дуулгахад, Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай ГХЯ гадаад суртчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирлын алба хашдаг юм байна.
О.Гал
"Боловсролгүй" гэх тодотголтой Б.Баярсайхан албан тушаал дэвшиж АНУ-ын Сан-Франциско хотын Консулаар гэр бүлийн хамт явах гэж байгаа гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг Консулаар томилох тохироо хийгдсэн бөгөөд шинэ он гаргаад явах юм гэнэ. Өөрөө ч Консулаар явах гэж байгаа тухайгаа ойрын хүмүүстээ ярьж яваа сурагтай.