| | USD/MNT 0₮
Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрх зүйч А.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Чөлөөт зах зээл эрүүл мэндийн салбарт зохицох уу?
-Хүн амын дунд халдварт болон халдварт бус өвчлөл тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа өнөө цагт нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт шаардлагын хэмжээнд хүрэхгүй, хүн амыг өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх зардал бага байдгаас өвчилсөн хойно нь өндөр зардлаар шийдвэрлэж байна. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгарч буй дээрх асуудлыг нэн яаралтайгаар шийдвэрлэснээр Үндсэн хуульд заасан хэрэгжилтийг хангах бололцоо нээгдэх юм. Энэ бүхнээс харахад эрүүл мэнд, боловсролын салбарын толгойд улс төрийн намын төлөөлөл биш эмнэлгийн мэргэжлийн хамт олон удирдлагаа сонгодог, стратегиа баталдаг, тэр дундаа яамны сайдыг доктор, профессор хүн толгойлох мөн бусад албан тушаалтанг докторын зэрэгтэй хүнээр томилох нь улс төрөөс ангид байлгаж мэргэжлийн салбарын үйлчилгээг иргэдэд илүү түлхүү ойрхон хүртээлтэй байлгах боломж бололцоо бүрдэнэ гэж харж байна. Улсын эмнэлгүүдийн боловсон хүчний олон жилийн туршлага, хяналт шалгалт, соёл зарим хувийн эмнэлгүүдээс ч сайн байдаг. Үүнийг улам сайжруулах, сэтгэлтэй хамт олныг бий болгохын тулд хийж байгаа ажилтай нь дүйцсэн цалин, урамшуулал өгч урам зоригтой, ажилдаа дуртай, авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэхүйц нөхцөл байдлыг бэхжүүлэх хэрэгтэй.
-Таны хэлснээр эрүүл мэндийн салбарын орчин нөхцлийг яаж сайжруулах ёстой вэ?
-Монгол хүний ухаан талынхаа энгээр бус жалга дов, намын харьяалал, зоосны нүхээр хэмжигдэх болсоор төрөөс мөнгө санхүү босгох гэсэн олон зуун хүнийг МАНАН бүлэглэл 30 жилийн турш бэлтгэж өгөөжөө хүртээж ирлээ. Эл үзэгдлийг ялсан, ялагдсан намын нөхдүүд бүгд л улстөржилт хэмээн тайлбарлах юм. Тэгсэн хэрнээ ялагдсан нь “Улс төрийн намын харьяаллаар ажлаасаа халагдлаа” хэмээн шүүхэд хандацгаана. Намдаа тодорхой хэмжээний хандив өгсөн ч санасан, мөрөөдсөн албан тушаалдаа сууж чадаагүй нөхдийн гомдлын цуваа, намаа болон бусдыг муулах тэднээс өшөө авах гэсэн бодлын будлиан дээр эрүүл мэндийн салбар өнөөг хүртэл өөдлөхгүй байсаар байна. Тэд мэргэжлийн бус байх, чадах, чадахгүй нь огт хамаагүй. Хамгийн гол нь намдаа болон албан тушаалтанд хандив нэрээр өгсөн хэдэн төгрөгөө хэд нугалж, мөнгө хүүлэх хэлбэрээр олж авахын тулд төрийн албанд аль нэг эрх мэдэл бүхий албан тушаал хаших хүсэл сонирхолтой болсон явдал. Тэр утгаар улс төрийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон сайд нар эрх мэдэл бүхий эмнэлгийн албан тушаалтан дарга нарыг солихоос ажлаа эхэлдэг нь бодит үнэн. Уг нь эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхайн салбарт улс төржилт байх ёсгүй. Хүн эмчлэхээр сурч буй оюутанд сургалтын орчин, эрдэмтэн мэргэдээс үг сонсох нь чухал болохоос засаг солигдох бүрийд удирдлага нь солигдож, сургалтын программд өөрчлөлт хийдэг, санхүүжилт босгодог удирдлага огт хэрэггүй. Үнэн хэрэгтээ манай улсад орчин нөхцөл нь эрүүл бус салбар бол эрүүл мэнд, боловсрол. Өнгөрсөн жилүүдэд дээрх хоёр салбарынхан л жагсаал, цуглаан ажил хаялт зарлаж байлаа. Ард түмэн сүүлдээ ар араасаа хөвөрсөн жагсаал цуглааныг улс төржилт хэмээн ойлгож хэн нэгэн албан тушаалд хүрэхийн тулд бусдыг турхирч байгаагаар тайлбарлаж, хэнийх нь зөв, бурууг ч ялгахаа больсон. Хамгийн гол нь нэг нь эрдэнэт хүний амь насыг хариуцдаг бол нөгөө нь бидний ирээдүй болсон залуусын боловсролыг залуурддаг, эх орон, тусгаар тогтнол, улсынхаа хөгжлийн төлөө зүтгэх шинэ цагын боловсон хүчинг бэлтгэх салбар. Ийм хоёр чухал салбарыг улстөржүүлэх, тэнд ажиллахаар томилогдсон дарга, захирлууд нь аль нэг улстөрийн хүчний утсан хүүхэлдэй байгаа нь өнөөгийн гажуудлын эх үүсвэр болсоор ирлээ. Монгол Улсад анагаах ухааны шинжлэх ухаан хөгжихөд бүхий л сэтгэл оюун, амьдрал, залуу насаа зориулсан эрдэмтэн мэргэд энэ салбарыг улс төржүүлснээр хохирогч нь төрд орхигдсон ард түмний эрүүл мэндийн асуудал болж хувираад буйг олон удаа онцолж ярьсан байдаг. Гэтэл аль нэг сонгуулийн үр дүнгээс хамаарч засаг бүрдэх үйл явцтай зэрэгцээд бүх шатны албан тушаалтанг солих тухай, хэн гэдэг этгээд оронд нь томилогдох тухай мессеж хэдийн нийгэмд цацагдаж, явах нь тодорхой болсон алба хаагч нар тухайн байгууллагынхаа төсвийг хэрхэн юунд шингээж, зарцуулж дуусгаад, хасах баланстайгаар хүлээлгэн өгөхөө бодоод хүлээн суух болж. Үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбар бужигнаж гарна.
-Та таван яамыг улс төрийн нөлөөллөөс ангид байх хуулийн төсөл боловсруулсан тухайгаа ярьж боловсролын тогтолцооны талаар ярилцлага өгсөн. Харин энэ удаад эрүүл мэндийн салбарыг хэрхэн ангид байлгах тухайгаа өгүүлээч.
-Зах зээлд эрүүл мэндийн байгууллага бие даан хөгжих эрх зүйн орчинг баталгаажуулах, эрүүл мэндийн тогтолцоонд цоо шинэ өөрчлөлтийг хийж чадах хуулийн төслийг боловсруулсан байгаа.
Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн цогц төсөл санаачлан боловсруулснаар төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж, үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу эмнэлгийн санхүү нөөцийг үр ашигтай ашиглах, удирдлагын арга барилыг хөхүүлэн дэмжих, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулахын тулд эмнэлэг нь хувь, төрийн мэдлийн байхаасаа үл хамаарч гагцхүү хамгийн сайн үйлчилгээ үзүүлж чадаж байвал санхүүжилт авах боломж нээгдэх эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү боловсронгуй болгох эрх зүйн орчинг баталгаажуулахад чиглэсэн хуулийн төслийг ерөнхийдөө боловсруулсан юм.
Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах, аль нэг ялсан намын бялууны хэсэг биш, хэн нэг томилогдсон сайдын хань хамсаатан, намын нөхөр, нууц амраг, мэдлэг боловсролгүй цүнх баригч нарын мөнгө босгох салбар биш байлгахын тулд төрийн өмчит эмнэлгүүдээ хувьчлахгүйгээр яаж үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгох боломжтой, эмнэлгийн нөөцийг хэрхэн үр ашигтай ашиглах, мөн менежмэнт удирдлагын арга барилыг нарийн заах, эмнэлэгийн байгууллага ард иргэдэд хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй чанартай хүргэдэг болгох, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэгсэл худалдан авдаг болгох, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 40 гаруй мянган ажилчид ажлын хүндийг үүрдэг хэрнээ хамгийн бага цалин авдаг, нийгмийн баталгаа нь хангагдаагүй байдлыг халах зорилготой юм.
-Ярилцсанд баярлалаа.
А.Эрдэнэбаяр: Эрүүл мэндийн тогтолцоонд цоо шинэ өөрчлөлтийг хийж чадах хуулийн төслийг боловсруулсан