| | USD/MNT 0₮
Говь-Алтай аймаг гэж мордохын хазгай болжээ. Тус аймгаас болж бүтэхгүй зүйл дандаа гарна.
Өнгөрсөн шөнө гэхэд нэгэн бүсгүй харамсалтайгаар амиа алдав. Хэрэг явдал юунаас болов гэдгийг хуулийн байгууллагаас шалгаж тогтоохоор ажиллаж байна. Талийгаач бүсгүйг маргааш задлан шинжилгээнд оруулахаар болжээ.
Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж гэж хүн өнгөрсөн жил даргын сэнтийд заларсан. Ажлаа хийдэггүй, хий дэмий зугаалж тэнэх, хийрхэх дуртай түүнийг нутгийнхан нь салхи Дамбий гэж хочилдог. Албан ажлаа цалгардуулж, гэр бүлийнхээ хамт БНСУ-руу аялж зугаалаад 10 хонож, хоёр хоногийн өмнө иржээ.
Ийнхүү ирээд удаагүй байж Тамгын газрын дарга Отгонбаяр болон орлогч Я.Эрхэмбаяр, талийгаач Б болон хүүхэд гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Лхагважаргал нар хамт өрөөндөө архидсан юм байна. Архидах учир шалтгаан нь гэвэл Тамгын газрын дарга Отгонбаярынх нь дарга болох тушаал нь гарч тамга тэмдгээ гардаж авсан мөн орлогч дарга Я.Эрхэмбаярын төрсөн өдрийг хамтатган баяр тэмдэглэсэн гэх. Талийгаачийг гэрээс нь дуудаж нэг шил архи авахуулсан гэх. Ингээд тэд оройны 19.00-00.00 цаг болтлоо хамт архиджээ. Энэ хугацаанд талийгаачийн бие муудаж хоёр залуудамжилж өрөөнөөс гаргаад машинд нь суулгасан байна.
Харин хэрэг явдал болохоос өмнө 22.00 цагийн үед талийгаач эмэгтэй ээж рүүгээ утсаар “Энэ дарга намайг ажлаа өг гэж шахаад дарамтлаад байна. Би яг яах ёстой вэ” гэж ярьжээ. Талийгаач эмэгтэйг В.Рэнцэндорж “ажлаа өг” гэж дарамталдаг байжээ.
Ийнхүү архины хар мөр гайгаар Засаг дарга нь бусдыгаа дуудаж, өөрөө толгойлж архидаад айлын сайхан охины аминд хүрчихлээ гэж хардаж байна. Нөгөө төрийн байгууллагын архидалтыг зогсоож, сахилга батыг бий болгож, хариуцлага тооцно гэж мэдэгдээд байсан Засгийн газрын удирдлагууд хаана байна.
Засаг төр нь цар тахалтай тэмцэж байхад аймгийн "аархуу" Засаг дарга В.Рэнцэндоржийн байж байгаа байдлыг нь хар. Хөл хориотой байхад дарга нараа ажлын байран дээрээ дуудаж, архидан согтуурч улмаар нэг нь золгүй байдлаар амиа алдсан нь дэндүү харамсалтай.
Засаг дарга В.Рэнцэндоржийг төрийн албанд тэнцэхгүй хүн хэмээн ойр тойрныхон нь хэлж ярьж байна. Анх Бугат суманд хэсгийн төлөөлөгч байсан. Дараа нь аймгийн Цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлалт хариуцсан ахлах төлөөлөгч, хэрэг бүртгэгч ахлах мөрдөн байцаагч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн МАН-ын дарга, 2016-2018 онд аймгийн Засаг даргын орлогч байж байгаад өнгөрсөн жил Засаг дарга болсон нэгэн юм.
Энэхүү харамсалтай хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд өнгөрсөн шөнө хүн амины хэрэг гарсан уу.