| | USD/MNT 0₮

БСШУСЯ ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР КОМПЬЮТЕР ХУДАЛДАЖ АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

Бие биенээсээ илүү гарах гэж “барьцдаг” хэдэн яамдын тансаглал хэрээс хэтэрлээ. ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр өөрийнхөө өрөөг тохижуулж, тус яамныхны оройн нэг удаагийн зоог зургаан сая гаруй төгрөгийн өртөгтэй болсон гээд дуулиан намжиж амжаагүй байхад Сангийн яам гурван тэрбум гаруй төгрөгөөр яамныхаа барилгын 2-3 дугаар давхрыг засуулж байна. Тэгвэл тэдний сүүлийг БСШУСЯ мушгиж явна. Энэ удаад тэд таван тэрбум төгрөгөөр компьютер худалдаж авахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэй тендер зарлагджээ. Эхнийх нь БСШУСЯ/202002505 кодтой “Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нэг тэрбум төгрөгөөр суурин компьютер худалдан авах” тендер, удаах нь БСШУСЯ/202002504 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт дөрвөн тэрбум төгрөгөөр зөөврийн компьютер худалдан авах” тендерийг тус тус зарлаад байна.

Энэхүү худалдан авах ажиллагааг хэт тансаглал гэж үзэх нэг нь байхад нөгөө хэсэг нь тендер нэртэй луйвар, мөнгө идэх гэсэн башир арга хэмээн хардах нь ч бий. Учир нь тендер сонгон шалгаруулалт зарласан гэдэг хэрнээ хэн нэгэн албан тушаалтны хамаарал бүхий этгээд сонгогддог нь нууц биш. Ялангуяа яам, агентлагууд өөрсдийгөө тендер болон худалдан авах ажиллагаагаа нээлттэй явуулдаг хэмээн сурталчилдаг ч үнэн хэрэгтээ бүх тендер нь нууцаар зарлагддаг, зөвхөн мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүдийн компани болоод тэдгээрийн оролцоотой гадны компани өрсөлдсөн болоод өнгөрдөг.

Үүнийг ч мөн ингэж хардах үндэслэлтэй. Нэг компьютерийг дунджаар хоёр сая төгрөг хэмээн тооцъё. Үүнээс үнэтэй нь ч бий, хямд нь ч бий. Ингээд үзэхээр таван тэрбум төгрөгт 2500 ширхэг компьютер авах юм. Цэцэрлэгийн багш нарт ийм их хэмжээний зөөврийн компьютер хэрэг болох эсэх нь эргэлзээтэй.

БОЛОВСРОЛЫН ЯАМ ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР КОМПЬЮТЕР ХУДАЛДАЖ АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.